Цагаан сарын наана цахилгааны үнэ нэмэгдэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Цагаан сарын наана цахилгааны үнэ нэмэгдэхгүй

Өнгөрсөн жилийн яг өдийд цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх нь гэсэн дуулиан шуугиан олныг цочирдуулж байсан. Энэ онд ч жилийн өмнөх байдал дахин давтагдах магадлал тун өндөр байгаа юм. Хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй бол тус салбарынхан элгээрээ мөлхөхөд хүрсэн гэсэн мессежийг олонтаа дуулгах болсон нь ч үүнтэй холбоотой. Энэ мэдээллийг ор үндэсгүй гэх аргагүй. Учир нь зах зээлийн нийгэмд шилжээд 20 жилийг үдэж буй манай улсад чөлөөт үнэ тариф мөрддөггүй ганцхан салбар байгаа нь түлш эрчим хүч юм. Тиймээс ч уурхай-тээвэрлэгч байгууллага /УБТЗ/-цахилгаан станц-хэрэглэгчийн хооронд өр авлагын гинжин холбоо үүсч, уг холбоо нимгэрэх бус улам зузаарсаар өнөөдөртэй золгоод байна. Уурхайнууд нүүрсээ өөрийн өртгөөс нь бага үнээр борлуулж буйдаа үргэлж мөнхийн бухимдалтай байхад  Улаанбаатар төмөр зам нүүрс тээвэрлэлтдээ 30 хувийн алдагдал хүлээж байгагаас өнгөрсөн оны долдугаар сард тээвэрлэлтийн зардлаа 25 хувь нэмж амжсан. Нүүрс олборлолтоос цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлт хүртэлх алдагдал дээр цахилгаан дамжуулалт, түгээлтийн 12-22 хувийн алдагдал нэмэгдэнэ. Ийн алхам бүртээ алдагдалтай ажиллаж байгаа нь цахилгаан дулааны үнийг нэмэх гол шалтгаан болж байгаа юм. Одоогийн байдлаар хэрэглэгчид нэг кВтц цахилгаан хэрэглэснийхээ хөлсөнд 79,8 төгрөг төлж байгаа. Харин үйлдвэрлэсэн бодит өртөг нь 115 төгрөг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгж тутамдаа 31 хувийн алдагдал хүлээж буй тул цахилгаан эрчим хүчний  үнэ тарифыг оны эхний улиралд багтаан 92 төгрөг болтол нь өсгөхөөр тооцоо судалгаа хийснээ  Эрчим хүчний зохицуулах газраас шинэ оны өмнөхөн мэдэгдсэн. УИХ, Засгийн газраас түлш эрчим хүчний салбарыг 2014 гэхэд үнийн чөлөөт байдалд шилжүүлэхээр шийдвэр гаргасны эхний алхам нь цахилгааны тарифын өсөлт байх юм гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Харин хэрэглэгчдийн хувьд өөр хүлээлттэй байх нь мэдээж. Сүх далайтал хожуул амар гэдэгчлэн нэг хоног ч болов багахан тарифаар цахилгаан хэрэглэхийг хүсэх нь мэдээж. Имй л эсрэг тэсрэгийн зааг дээр буй цахилгаан дулааны үнэ тарифт хэзээ өөрчлөлт орох вэ гэсэн асуулиад хариулт авахаар Эрчим хүчний зохицуулах газрыг зорьсон юм. Харамсалтай нь босго өндөртэй уг байгууллагынхнаас хэн нь ч миний асуултад хариулахыг хүссэнгүй. Харин Зохицуулах газрын дарга Н.Мягмарсүрэн:
-Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал ямар байгааг сэтгүүлчид та бүхэн биднээс илүү мэдэж байгаа гэж найдаж байна. Байдал үнэхээр хүнд байна. 2006 оны турш зургаан удаа л цахилгааны хязгаарлалт хийж байсан бол 2008 онд 99 удаа, 2009 онд 159 удаа болж нэмэгдсэн. Өнгөрсөн онд Засгийн газраас татаас болгож 15 тэрбум төгрөг олгосон хэдий ч өр зээлэнд өгөөд дууссан. Энэ салбар наад зах нь алдагдалгүй ажиллах, цаашлаад техник технологийн шинэчлэл хийх хэрэгтэй биз дээ. Ажилтан албан хаагчдын ахуй амьдрал гээд тоочвол олон зүйл байна. Тиймээс цахилгаан эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт орох нь гарцаагүй. Харин цагаан сар өнгөртөл энэ асуудлыг хөндөн тавихгүй гэсэн хариултыг өгч байна.
Сар шинийн баяраас наана цахилгааны үнэ нэмэгдэхгүй нь. Харин түүнээс хойш бол элдэв шалтаг тоочих хэрэггүй гэдэг нь ЭХЗГ-ын даргын эрс шулуун хариултаас тодорхой байна. Уг нь манай улсад эрчим хүчний хэд хэдэн тариф үйлчилдэг. Уг тариф цаг нарны төдийгүй бүс орон нутгийн ялгаатай. Шөнийн тариф нь өдрийнхөөс 50 хувийн хөнгөлөлттэй байдаг бол үйлдвэр аж ахуйн газрууд өндөр ачааллын үед буюу үдшийн 17-22 цагт хамгийн өндөр үнээр /нэг кВтц нь 133 төгрөг/ цахилгаан хэрэглэдэг байх жишээтэй. Түүнчлэн хэрэглээ нь өсөх тусам урамшуулдаг зах зээлийн хууль энэ салбарт эсрэгэрээ үйлчилдэг. Хэн бага цахилгаан хэрэглэнэ тэр бага тарифаар үнэ хөлсөө төлж буй нь хэмнэлтийг сайшаасан нэг хэлбэр гэнэ. Эргэлзээ төрүүлсэн зүйлс эрчим хүчний салбарт үүгээр дуусахгүй. Гэр хорооллын айл өрхүүдэд түгээмэл тохиолддог эрчим хүчний хулгайн хэрэг буурсан уу гэсэн асуултад эерэг хариулт ирэх нь юу л бол. Тоолуураа эргүүлэх, эргэлтийг нь сааруулж элдэв зүйлс хавчуулах зэрэг энгийн аргууд бол аль хэдийнэ хоцрогджээ. Албан байгууллага буюу боломжийн амьдралтай айлуудын цахилгааны утаснаас салаалан хулгай хийхийн дээр мэргэжлийн хүмүүстэй хамтран хулгайн аргаа улам боловсронгуй болгосоор байгаагаас цахилгааны хөлсөө үнэн мөнөөр нь төлсөөр ирсэн дийлэнх олонхын эрх ашиг хөндөгдсөөр байна. Нийслэлийн ногоон бүсэд орд харш барин амьдарч буй эрх мэдэлтнүүдийн дотор ч цахилгаан хулгайлагч нар олон байна гэвэл та итгэх үү. Хаус хэмээх гадаад нэртэй чамин орд харшийг цахилгаанаар халаавал сард нэг саяас 1.5 сая төгрөг зарцуулна гэсэн тооцоо гарчээ. Гэтэл сар тутам цахилгааны үнэ хөлсөнд тэр хэмжээний мөнгө төлсөн айл нэгээхэн ч үгүй. Тиймээс үүнийг эрх мэдлээ ашиглан хулгай хийж буй нэгэн хэлбэр гэхээс аргагүй. Тэд хулгайн аргаар цахилгаан хэрэглэхийн хэрээр эгэл жирийн хэрэглэгчдийн нуруун дээрх ачаа улам хүндэрсээр байгаа нь л хамгийн шударга биш шийдэл юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бас нэгэн чухал асуудлыг хөндөн тавилаа. Уржигдар болсон уг хурлын гол сэдэв  уг нь Улаанбаатарыг утаанаас салгах тухай байсан ч  эрчим хүчний асуудал зайлшгүй хөндөгдөхөд хүрсэн юм. Ерөнхийлөгч эрчим хүчний хэрэглээг багасгах бууруулах биш харин ч нэмэгдүүлэх талаар хөндөн санал бодлоо илэрхийлж байлаа. Тэрбээр шөнийн цагийн цахилгааны тарифыг 22 цагаас биш ажлын цаг дуусах мөчөөс буюу 18 цагаас эхлэн, өглөөний 06 цаг хүртэл бус ажил цуглатал мөрдөхийг холбогдох байгууллагуудад санал болгож, яаралтай судалгаа тооцоо хийж хариу өгөхийг хүссэн юм. Ийн хямд хэрэглээг сайшааснаар гэр хорооллын тодорхой хувийг цахилгаанаар халааж, агаарын бохирдлыг бага боловч бууруулах боломжтой талаар ярилцсан юм. Хэдийгээр энэ уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны удирдлагууд, хотын дарга нар оролцсон ч мэргэжлийн байгууллагынхны сонорт хэдийнэ хүрсэн нь мэдээж. Асуудлыг бага гэлтгүй онилж, онилсноо хэрэгжүүлж байж санаа нь амардаг Ерөнхийлөгчийн овоо хараа эрчим хүчний салбарт тусахад түүний Тамгын газрын даргын оролцоо тодорхой хэмжээгээр байсан нь гарцаагүй. Тодорхой хугацаанд эл салбарт хүчин зүтгэж, наадах асуудлыг цаадах нууцтай нь мэдэрсэн хүнтэй Ерөнхийлөгч зөвшилцөөгүй гэвэл хэн итгэх билээ. Ямартай ч эрчим хүчнийхнийг дэмжинэ, шахна ч гэдэг нь харагдаж байна. Алдагдлаа бууруулж, гажуудлаа засаж байж л эрчим хүчнийхэн хэвтрээсээ өндийнө шүү дээ.
Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж