Мэдлэгийн хувьд С.Оюун надаас илүү

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Мэдлэгийн хувьд С.Оюун надаас илүү

Д.Энхбат: Мэдлэг чадварын хувьд С.Оюун гишүүн надаас илүү

УИХ-ын гишүүн Д.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Иргэний зориг нам, Ногоон нам тун удахгүй нэгдэж, намын их хурлаа хийх нь ээ гэсэн мэдээлэл гараад байна. Намын дарга нарын төвшинд тохиролцоо эцэслэчихсэн гэсэн үг үү?

-Хоёр намын удирдлага, бага хурлын гишүүдийн төвшинд хоёр нам нэгдэх нь зүйтэй гэдэг бүх тохиролцоог хийчихсэн. Зарчмын гол асуудлуудаа ч тохирчихсон.

-Зарчмын гол асуудал гэдгийг тодруулбал?

-Намын нэр, туг тэмдэг, удирдах бүрэлдэхүүн 50, 50 хувь гээд бүх юмаа тохирчихсон гэсэн үг л дээ. Тухайлбал, нэгдүгээр сарын 31-нд хоёр нам нэгдэх гэрээндээ гарын үсэг зурахаар урьдчилан ярилцаад байна. Ойрын нэг,  хоёр хоногт багтаан эцэслэчихнэ. Хоёрдугаар сардаа багтаагаад хоёр нам их хурлаа хийгээд нэгдэх болов уу. 

-Хоёр нам нэгдэхээр намын даргаар нь Д.Энхбат гишүүн томилогдоно гэх. Намууд нэгдээгүй, их хурал хуралдаагүй байхад намын дарга тодорчихож болох уу?

-Ер нь бол С.Оюун гишүүнийг дарга болооч гэж би хувиасаа хүсэлт тавьсан. Харин С.Оюун гишүүн  “Чи намын дарга болооч” гэсэн. Өөрөөр хэлбэл, энэ бол цэвэр ажил хэргийн чанартай л тохиролцоо юм. Намын даргыг сонгох асуудал тэртэй тэргүй их хурлаараа шийдэгддэг. Тийм болохоор энэ асуудлыг бага хурлаараа эцэслэн гэрээнд зураад, их хурлаараа шийднэ.

-Та хэргээр тохиролцоогоо нуугаад байгаа юм биш үү?

-Энүүхэндээ гэж хэлэхэд, С.Оюун гишүүн бид хоёр аль нь намынхаа ажилд илүү зүтгэж чадах юм бэ гэдгийг л яриад байгаа. Туршлагын хувьд, мэдлэг чадварын хувьд С.Оюун гишүүн надаас илүү шүү дээ.

-Хоёр намын нэгдсэн их хурал болохоор хоёр талаас хэд орчим төлөөлөгч оролцох бол?

-Нэгэнт хоёр нам нэгдэж байгаа учраас их хурлын процедур нэг намын их хурлаас ч төвөгтэй л дээ. Жишээ нь их хурал нэг танхимд ээлжилж явах байх. Ногоон намын их хурал болж,  нэгдэнэ гэдгээ дэмжээд, мөн Иргэний зориг нам их хурлаа хийгээд нэгдэнэ гэдгээ батална. Дараа нь хоёр гишүүд нийлээд их хурлаа хийхэд танхимдаа  багтахгүй байх аюул бий. Тийм учраас аль аль нам хурлаа хийхдээ танхимд багталцах талыг бодож хурлаа хийнэ. Гэхдээ санаа сэтгэл нийлээд хурлаа хийж байгаа юм чинь проблем үүсэхгүй болов уу.

-Ойролцоогоор хэдэн гишүүн их хуралд оролцох бол?
-Хүүхдийн ордонд их хурлаа хийнэ гэж тооцвол хоёр талаас тус бүр 300 гишүүн байх болов уу.

-Их хурлаар намын даргыг шинээр сонгохоос гадна ямар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх вэ. Нэгдсэн нэг намын үзэл баримтлалыг тодорхойлно гэж ойлгох нь зөв үү? 

-Дөрвөн ч ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Намынхаа үзэл баримтлалаа тохирно, дүрмийг тохирно. Их хурлаа хийж, дээд шүүхэд бүртгүүлэхийн тулд хууль эрх зүйн талаас нь харна. Ерөнхий нарийн бичгийн дарга, аймгуудын салбар зохион байгуулалтын асуудал ярина. Хоёр нам зөвхөн одоо байгуулагдах үедээ бага хурлаа 50, 50 хувиар бүрдүүлнэ. Сонгуулийн дараа нэгдсэн нам маань өөрөө шийдээд явна. Тийм учраас бидний хувьд 50, 50 хувийн нөхцөл гэдэг байгуулагдах гарааны нөхцөл. Цаашдаа бол өөрийнхөө хуулиар явна.

-Хоёр намыг нэгтгэхээр зорьсон нь 2012 оны сонгуулийн бэлтгэлээ базааж байгаа хэрэг байх. Гэхдээ олон нийт  “Иргэний зориг нам, Ногоон намд хоёр даргаас нь өөр сонгуульд сойх боловсон хүчин байхгүй” гэж шүүмжилдэг. Нэгдэхээр боловсон хүчний хямралаас гарна гэж ойлгож болох уу?

-Шүүмжлэлтэй санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл, 2008 оны УИХ-ын сонгуулиар З.Алтай гишүүн бид хоёр л парламентад гаднаас орж ирсэн. Бид хоёр мундагтаа орж ирээгүй юм, хоёулаа телевизээр дамжиж орж ирсэн. З.Алтай “Үүргэвчтэй аялал”-аа, би  “Форум”-аа хийсээр орж ирсэн. Бид хоёр телевизээр олон гарч, олонд танигдсан байхгүй юу. Тийм учраас УИХ-д сонгогдсон.  Ер нь бол З.Алтай бид хоёр шиг телевизээр олон гараагүй ч , биднээс  илүү чадалтай хүмүүс олон бий. Тиймээс Иргэний зориг нам, Ногоон намд С.Оюун, Д.Энхбат нараас өөр УИХ-д нэр дэвшчих боловсон хүчин байхгүй гэдэг нь худлаа, олонд л танигдаагүй хэрэг.  Нэгэнт л улстөрийн тогтолцоо мажоратар, бүх юм хоёр том эрх баригч намын гарт байгаа үед хүнд танигдах бололцоо байхгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-д орж ирж байж, төрийн мэдэлд очиж байж, олон нийт түүнийг албан тушаалаар нь таньдаг байхгүй юу. Дахин хэлэхэд үнэхээр Иргэний зориг намд ч тэр Ногоон намд ч тэр УИХ-ын 76 гишүүний нэг байж чадах хүмүүс С.Оюун гишүүн бид хоёроор хязгаарлагдана гэвэл инээдтэй байна. Асуулт бол олон нийтэд танигдсан уу, үгүй юу гэдэг л асуудал.

-Тэгвэл энэ хоёр намд байгаа гишүүдийн давуу тал юу юм. Эрх баригч хоёр намынхнаас ялгарах?
– Жишээлбэл,  Иргэний зориг нам, Ногоон намын гишүүд албан тушаал сонирхоод явсан бол МАН-ч юм уу, Ардчилсан намд гишүүнээр элсээд явж болох байсан. Хэдий ийм зам байлаа ч гэсэн тэд үзэл бодолдоо үнэнч, бодсондоо итгэлтэй учраас олонд танигдахгүй ч гэсэн намдаа л үнэнч явж байгаа байхгүй юу. Тийм учраас гуравдагч хүчинд байгаа хүмүүс нэг талаасаа үзэл бодолдоо үнэнч, хоёрдугаарт төрийн эрх мэдлийг барих хуйвалдаан, янз бүрийн хэл аманд оролцоогүй улсууд байдаг. Хэрвээ Монголын улстөрийн хүчин шинэчлэгдье гэвэл, гуравдагч хүчнээс найдвартай хүмүүс гарч ирэх магадлал өндөр. Чанарын хувьд авч үзвэл Иргэний зориг нам 10 жил болчихлоо, Ногоон нам идэвхтэй, идэвхгүй нийлсэн 20 жил болчихож… Би УИХ дахь хоёр намын бүлгийн гишүүдийг   биднээс дутуу гэж хэлээгүй, гэхдээ бас бид тэд нараас дутуу биш л байхгүй юу. Монголд шударга,  чадалтай, ухаалаг олон хүн бий. Мөнгөнөөс болоод улстөрд орж чаддаггүй, эсвэл заавал нэг том бүлэглэлийг дагах, заавал нэг том намыг дагах болдог. Тийм учраас монголчууд УИХ-д нэр дэвшигчийг таньдаг,  таньдаггүйгээр нь сонгодог болохоос биш, одоохондоо чадалтай, чадалгүйгээр нь сонгож хараахан чадахгүй байна.

-Жишээ нь та, намынхаа гишүүдийг ирэх 2012 оны сонгуульд нэр дэвшүүлье, гэвч олонх нь олон нийтэд танил биш. Парламентад сонгогдох хэрэгтэй байдаг, эхний ээлжинд юуг хийх вэ, тэгвэл? 

-Бид бол нэгдүгээрт, намаа нэгтгэхийг зорьж байна. Ногоон намын хувьд ялангуяа би УИХ-д орж ирээд хоёр жил болж… нэг жилээр хоцорч орж ирсэн шүү дээ. Миний хамгийн том улстөрийн зорилт бол зөвхөн өөрийн ажлыг хийх биш, улстөрийн шинэ гуравдагч хүчнийг байгуулах. Энэ бол нийгмийн захиалга, биднийг дэмжиж байгаа хүмүүсийн хүсэл. Хоёр дахь нь, бүтцийн өөрчлөлт хийгээд нэгдсэн нам болсны дараа залуучууд, эмэгтэйчүүд олноор орж ирнэ гэж бодож байна. Тийм ч учраас Ногоон нам эмэгтэйчүүдийн 50 хувийн квот, залуучуудын 50 хувийн квотыг дэвшүүлж байгаа. Иргэний зориг намтай ч ярьсан. Тус нам дэмжиж байгаа, хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллана. Аль ч улстөрийн намтай адил хүмүүсээ таниулах ажиллагааг идэвхтэй явуулна. Тэгэхдээ хүмүүс үүнийг их зөвөөр ойлгох хэрэгтэй. УИХ-д сууж байгаа гишүүд, төрд байгаа хүмүүс олон нийтэд үнэгүй танигддаг. Харин энд ороогүй хүмүүс бүгд мөнгөө төлдөг. Тийм учраас мөнгөний саад бэрхшээлийг даваад хийнэ гэдэг бас хэцүү. Бид бололцооныхоо хэрээр л ажиллана.

-Парламентаар одоо Жендерийн хуулийг ид хэлэлцэж байна. Хэдийгээр танай нам эмэгтэйчүүдэд 50 хувийн квот өгнө гэж байгаа ч сонгогчдын сэтгэхүйг өөрчлөхгүйгээр амжилт олоход бэрх. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дутахгүй гэдгийг сонгогчдод ойлгуулахын тулд яах ёстой вэ, танай нам эхлүүлсэн ажлаа ямар байдлаар хэрэгжүүлэх юм?

-Би бол сонгогчдын сэтгэхүйг эмэгтэйчүүд өөрсдөө өөрчилнө гэж бодож байна. Ногоон нам квотыг тавина, чадалтай эмэгтэйчүүд орж ирнэ гэж найдаж байгаа. Тэд өөрсдөө дараа дараагийн хүмүүст үлгэр жишээ үзүүлнэ. Бидний байр суурь бол эмэгтэйчүүд өөрсдийнхөө үйл ажиллагаагаар өөрсдийгөө таниулна. Өөрөөр хэлбэл, бид зохиомол саадыг л арилгана. Зохиомол саад байхгүй үед үнэхээр эрэгтэйчүүдээс дутахгүй явах уу гэдэг нь эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь дараа дараагийн зорилт, гэрийн даалгавар. Миний хувьд бол хаалгыг нээж өгч байгаа хэрэг. Тэр хаалгаар орж чадах уу, ороод ямар байх вэ, гэдэг тухайн хүмүүсийн өөрсдийнх нь дотоод хүсэл зориг чадвар мэдлэгээс хамаарна. Гэхдээ л боломж байхад чадалтай эмэгтэйчүүд олон байгаа гэдэгт итгэж , энийг хийж байгаа юм.

-УИХ дахь хоёр намын бүлэг сонгуулийн тогтолцоон дээр үндсэндээ тохиролцоонд хүрээд байна. Тодруулж хэлбэл, намын нэрээр дугуйлах уу, нэр дэвшигчийн нэрээр саналыг дугуйлах уу гэдэг дээр л асуудал байгаа болохоос биш. Таны хувьд 50:26 дээр байр суурь ямар байна вэ?

-Бид бол пропорцианаль тогтолцооны элементүүд ороосой гэж бодож байгаа. Хэрвээ 100 хувь пропорцианаль болж чаддаггүй юм бол ядаж холимог байгаасай гэж… Гэхдээ одоо техникийн чанартай маргаанууд байна. Жишээлбэл, 50 нэр дэвшигчээ хүн болгоноор дугуйлах юм уу, аль эсвэл намаар нь дугуйлах юм уу. Хэрвээ 26-д орсон хүн сонгогдохгүй бол 50 дотроо дахиж бичигдэх юм уу гээд техникийн болоод зарчмын том асуудлууд бий. Тэгэхдээ 50:26-гаар эрх барьж байгаа парламентад олонх болсон намууд тохирчихлоо гэж ойлгосон. Ногоон намын хувьд байдал энгийн,  бүтэн алхдаггүй юм аа гэхэд тал алхаж байгаад нь дэмжиж байгаа. Харин сонгуулийн босгыг өндөр тавьсныг эсэргүүцэж байгаа

-Яагаад?

-Яагаад гэвэл пропорцианаль тогтолцоонд босго өндөр тавина гэдэг давуу талыг нь алга болгож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, пропорцианаль тогтолцоогоор сонгогчдын санал аль болох их тусдаг. Долоон хувийн босго тавина гэдэг нь зургаан хувийн санал авсан намууд хасагдана гэсэн үг. Жишээ нь, зургаан хувийн санал авсан таван нам хасагдана гэдэг чинь нийт сонгогчдын 30 хувь алга болж байгаа юм. Бас нэг асуулт, парламентад аль нам орох, аль нам орохгүйг одоо эрх барьж байгаа намууд шийдэх эрх байхгүй. Монголын парламентад би жишээ нь 1.5 хувийн санал авч орж ирсэн. Өнөөдөр 1.5 хувийн санал аваад сонгогддогыг дөрөв,  тав дахин нэмэх нь эрх баригчдын л байр суурь.

-Та тэгээд эрх баригч намынханд хэл л дээ. Хэтэрхий хатуурхаж байна, босгоо багасга гэж…?
-Парламентад сууж буй энэ хоёр намын ойр гишүүдэд хэлж байгаа. Заавал тэгж зохиомол юм хийх хэрэг юу байсан юм гэж… Өнөөдөр иргэний хөдөлгөөнийхөн гудамжинд жагсаад “Төрийн эргэлт хийнэ” гэж хашгирч байхын оронд үнэхээр чадалтай юм бол олонхийн санал аваад парламентад ороод ир, тэгээд ажилла” гээд энэ замыг нь нээгээд өгөх хэрэгтэй байхгүй юу. Зарим гишүүн хэлж байгаа л даа, “Олон намууд парламентад ороод ирэхээр улстөрийг үймүүлдэг гэж… З.Алтай, С.Оюун гишүүн бид гурав үймүүлээд байгаа нь хаа байгаа юм бэ, тэгээд.

-Та гурав нийлээд үймүүлээд л байдаг шүү дээ?

-Үгүй л байхгүй юу. Яахав хоёр Алтай, хоёр Оюун, хоёр Энхбат байна биз, энэ чинь илүү зөв. Өнөөдөр парламентад З.Алтай, С.Оюун, Д.Энхбат гурав байгаа тулдаа энэ улстөр чинь өөрийн өнгө төрхтэй болж байгаа. Үүнтэй адил хойшид парламентад хэн ч орж ирсэн өнгө төрхийг нэмнэ. Энийг Ардчилсан нам, МАН хоёр шийдэх хэрэггүй байхгүй юу, зохиомол зүйл хийж. Тийм учраас дэлхийн олон оронд байдаг шиг аль эсвэл босгогүй болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг гишүүний санал авсан нам л орж ирэх ёстой. Аль эсвэл албан ёсоор гурван хувь байж болох юм. Тэр нь юу вэ гэвэл тухайн нам бол илүү хамтын тоглоомоор тоглолт хийдэг. Түүнээс тав, долоон хувь гэж босго тавих нь буруу.   Жишээ нь ОХУ эрх баригчдын намтай учраас албаар долоон хувь тавьсан. Турк бол арван хувь, энэ бол курдуудын тусгаар тогтнолыг хаах зорилгоор хийсэн. Европын ихэнх орон дөрвөн хувь. Гэтэл 200 жил зах зээл, 100 жил ардчиллаар явчихсан орон дөрвөн хувь байна. Гэтэл манайх яагаа ч үгүй байж, хаалгаа хаах гэж оролдож байгаа байхгүй юу. Энэ үед хаалгаа хаах тухай ярина гэдэг өөрөө ардчиллаас ухарсан алхам болно.

-Гэхдээ гудамжинд жагсаад “Төрийн эргэлт хийе” гэж хашгирч байгаа хэсгийг парламентад оруулаад ирэхээр улстөрийн хувьд илүү тогтворгүй байдал үүсгэх юм биш үү?

-Үгүй, эцсийн эцэст парламентад орж ирэхийн тулд тэд иргэд, сонгогчдын саналыг авна. Сонгуульд нэр дэвшээд Монголын ард түмний гурван хувь, дөрвөн хувийн саналыг аваад ороод ирнэ. Нэгэнт л гурав, дөрвөн хувийн санал ороод ирвэл байгаагаар нь хүлээж авахаас аргагүй. Байхгүй гэж нүдээ аньж болохгүй. Тогтворгүй байдал үүсгэж байгаа нь жагсч байгаа хүмүүсийн буруу биш. Тогтворгүй байдлыг үүсгэж байгаа нь тэр хүмүүсийг жагсахаас аргагүй байдалд ортол эдийн засаг улстөр, нийгмийг муужруулж байгаа эрх баригч намынхны буруу. Дуртайдаа энэ хүмүүс талбайд жагсаагүй. Парламентад оруулахгүй болохоор байлдахаас өөр аргагүй байдалд орно шүү дээ. Өөр яаж орох юм, яаж хүсэл зоригоо илэрхийлэх юм.  Эцсийн эцэст даралттай тогооны тагийг дараад байвал дэлбэ үсэрдэг биз дээ. Үүн шиг нийгмийг ингэж хүчээр дарж хааж болохгүй. Нэг зүйлийг онцлон хэлэхэд парламент бол зөвхөн Ардчилсан нам, МАН-ын парламент биш, Монголын ард түмний парламент. Нэгэнт л Монголын ард түмний парламент юм бол тодорхой тооны тодруулж хэлбэл, 76-ны нэг нь болсон хүмүүс л орж ирэх ёстой. Энэ чинь эрх барьж байгаа хоёр намын өмч биш.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж