Брент нефтийн үнэ 98 ам.доллараас давжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Брент нефтийн үнэ 98 ам.доллараас давжээ

Лхагва гаригт баррель Брент нефтийн үнэ 98 ам.доллар болж өсчээ. Норвеги болон Аляскийн дамжуулах хоолой хаагдаж, Атлантын далайн сав газар, Ойрхи дорнод болон Ази,Номхон далайн бүст хангамж буурах хандлагатай болж буйгаас ийнхүү 2008 оны аравдугаар сараас хойш харагдаагүй өндөр хэмжээнд очсон байна.

Хий алдагдаж буйгаас Норвегийн “Statoil” компанийн Снорре болон Вигдисийн бүс дэх газрын тос, хийн хоолойг хааж, өдрийн 157 мянган баррель нефтийн хангамжийг бууруулж байгаа юм. Компанийн зүгээс хоолойг дахин хэзээ нээхээ мэдэгдээгүй байна. Түүнчлэн Аляскийн цооногт бага хэмжээний доголдол үүсч, нефть алдагдаж буйгаас болж дөрөв хоногийн турш үйл ажиллагаа зогссон байгаа. Үүнээс болж баррель нефтийн үнэ өссөн юм. Бямба гаригаас хойш АНУ-ын газрын тосны гаргалтын 12 хувийг эзэлдэг Транс-Аляскийн хоолойгоор дамждаг нефтийн хэмжээ таван хувиар буураад байгаа.     Ингэснээр баррель АНУ-ын WTI маркийн нефтийн үнэ 91,14 ам.доллар болсон бол Лондонд Брент нефть 97,69 ам.доллар болжээ.

Транс Аляскийн хоолой нь 1280 км-ийн урт бөгөөд “Alyeska Pipeline Service” компани хариуцан ажилладаг. Өдөрт дунджаар 630 мянган баррель нефть дамжуулдаг аж. “Alyeska Pipeline Service”-ийн 47 хувийг Их Британийн BP, 28 хувийг “ConocoPhillips” болон “ExxonMobile” компани эзэмшдэг юм.

Хангамж буурч байгаа энэ үед цаг уурын цочир хүйтрэлээс болж зах зээл дэх газрын тосны хэрэгцээ улам нэмэгдэж байгаа билээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж