Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Түрээсийн хүүхдүүд

“Эгчээ, ахаа мөнгө өгөөч”, “Ядарсан надад 100 төгрөг хайрла” гэх хүүхдүүд Улаанбаатар хотын төвийн хэсэгт тааралдах нь элбэг. Энэ хүүхдүүдийн зарим нь гуйлга гуйдаг байхад зарим нь дуу дуулж хэдэн бор төгрөг олох. Чухамдаа тэд балчир биендээ баймгүй хүнд хөдөлмөрийг хийж аж.

Гадаа -20 градус зааж байхад 3-5 насны жаалууд гуйлга гуйн гэдсээ тэжээж байна. Яг үнэндээ тэд өөрсдийгөө ч, ээж, аавыгаа ч тэжээхийн тулд ажиллаж байгаа нь энэ. Тэдний харцнаас хүүхэд насны гэгээн хүсэл мөрөөдлийн оч тэр бадрахгүй. Учир нь тэд идэр есын хүйтнийг хэрхэн давж, өдөрт хэдэн төгрөг олохоо боддог болохоор тэр. Энэ хүүхдийн төлөөлөл болох нэгэн хүү 50 дугаар дэлгүүрийн урд суух. Идэр есийн хүйтэнд хавар намрын урт хүрэм өмсч, урт хүрэмнийхээ хормойгоор хөлөө ивэн суух энэ хүү 5 настай. “Зун гоё байдаг. Харин өвөл их хүйтэн. Бас зарим хүмүүс миний мөнгийг аваад зугтаачихдаг” гэж энэ жаал ярьж байна. Анх хоёр жилийн өмнө тэрээр энд өөрийн ахтайгаа хамт сууж байжээ. Үнэндээ түүний төрсөн ах биш. 50 дугаар дэлгүүрийн урд суухаас өмнө ах гэж нэрлэгдээд байгаа хүнээ таньдаггүй байж. Учир нь эцэг, эх нь түүнийг түрээслэсэн болохоор тэр. Анх юуны учир, яагаад танихгүй хүнтэй гуйлга гуйж байгаагаа мэддэггүй байсан бол өнөөдөр тэр мэддэг болж. “Ээж, аав хоёр намайг гуйлга гуйхгүй бол мөнгөгүй болчихно” гэж 5 настай балчир жаал хариулж байна.

Гуйлга гуйж байгаа нь энэ жаал боловч түүнийг ажиглаж байгаа хоёр том хүн байдаг гэнэ. Байдал эвгүйтвэл “туслах”, хайрцаг дахь мөнгө нь ихсээд ирхээр аваад явах үүргийг тэд хүлээдэг. Энэ хоёр хүн түүний аав, ээж, ах, эгчийн аль нь ч биш. Зүгээр л ээж ааваас хүүхдийг нь түрээслэж авдаг “архичид”. Тэд жаал хүүг гуйлга сайн гуй гэж загнах мөртөө өөрсдөө хажуугийн дэлгүүрт ороод зогсох. Тэднийг дэлгүүрт оров уу, үгүй юу даарсан хүү гараа халаасандаа хийнэ. Үүнийг харсан тэд гарч ирээд “Наад гараа гаргаач, ингээд байвал хэн чамд мөнгө өгөх юм” гэж загнах. Үнэндээ тэднийг ажиглаж байгаа хүн байгаа гэдгийг тэд мэдэхгүй байгаа бололтой. Хүүхэд түрээслэх нь бас ханштай байх аж. 0-3 насны хүүхдийг 5000, 3-6 насны хүүхдийг 2500-3000 төгрөгий ханштай.  Таван настай хүүхэд гуйлга гуйж байхад бас дөнгөж төрсөн өлгий хүүхэд ч гуйлга гуйдаг аж. Хэдхэн сартай хүүхдийг мөн л түрээслэн хэн нэгэн танихгүй хүний өвөр дээр тавьдаг гэнэ. Ийм хүмүүс Улаанбаатар хотод чамгүй их. Тэдний төлөөл 11 дүгээр хороололд суудаг. Нимгэн даавуугаар өлгийдсөн бяцхан жаалын хацар, ам нь улайгаад даарсан байгаа нь илт. Жирийн нэгэн хүн энэ жаалыг харвал үхчихсэн юм болов уу гэж бодохоор. Өлгийтэй хүүхдийг тэвэрсэн энэ эр хааяа цаасан хайрцаган дээрээ өлгийтэй хүүхдээ тавиад “морь харах”-аар явах. Түүнийг “морь харах”-аар явах хооронд өлгийтэй хүүхдийн хувь заяа хэний гарт байгаа нь эргэлзээтэй. Энэ хороололынхон гуйлгачин аав, хүү хоёрыг андахгүй. Учир нь тэд хоёр жилийн өмнөөс энэ хороололд суух болжээ. Тэднийг зарим нэг нь үнэхээр өрөвдөх ч, зарим нэг нь тэд үнэхээр аав, хүү хоёр мөн үү гэдэгт эргэлздэг аж. Өлгийтэй хүүг тэвэрсэн энэ эрээс юм асуух гэсэн боловч “Амьдрахын эрхээр л ийм юм хийж байна шүү дээ” гэхээс өөр үг цухуйлгасангүй.

Түрээсийн гэж нэрлэгдсэн энэ хоёр шиг хүүхэд их хотод чамгүй олон байгаа гэх. 11 дүгээр хорооллоос 50 дугаар дэлгүүр хүртэл арав гаран гуйлга гуйсан хүүхдүүд, хүүхэд тэвэрсэн томчууд тааралдав.

Анхаар “Түрээсний хүүхэд”!!!

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж