Д.Сүрэнхорын хэргийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорын хэргийг хэлэлцэнэ

Төрийн өндөр албан тушаалтнуудын луйварын амьд гэрч хэмээн цоллуулж өнгөрсөн жилийн  турш дуулианы эзнээр тодорсон Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын хэргийг Дээд шүүхийн эрүүгийн танхим өнөөдөр хянан хэлэлцэнэ. Яаманд алба хашиж байхдаа улсын мөнгө шамшигдуулж улмаар Европийн холбооны улс руу оргон зайлсан тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сарын 3-ны өдөр “Чингис хаан” олон улсын буудлаас баригдсанаар дуулианы эхлэл тавигдсан.Түүнийг  баривчлагдсны дараа  олон хэргийн учиг зангилаа тайлагдах нь гэж  чих тавин чагнах хүн цөөнгүй байв.  Гэвч  “Дуутай тэнгэр  хургуй, цуутай хүүхэн хуримгүй” гэдгийн үлгэрээр  Д.Сүрэнхор шүүхээс дөрвөн жилийн хорих ял  сонсч  энэ мэдээлэл тэгсхийгээд “моод”-ноос гарсан гэж хэлж болно. Харин  сүүлийн үед түүнтэй холбоотой ганц нэг мэдээлэл чих дэлсэж эхлэв.  Тэрбээр  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа өмгөөлөгчдөө хэлж, өнөөдөр болох Дээд шүүхийн шийдвэр  шудрага гарч   ялын зүйлчлэл өөрчлөгдөнө гэсэн найдвар тавьж буйгаа ч нуугаагүй гэнэ. Тодруулбал,  УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Д.Сүрэнхор Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байхдаа улсад 91.3 сая төгрөгийн хохирол учруусан хэрэгт Эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байхдаа завшиж үрэгдүүлсэн хэргээр сэжигтнээр яллуулж  шат шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон. Гэвч өнөөдөр болох  Дээд шүүхийн хуралдааны үеэр шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэд хэдэн саналыг оруулахаар тогтсон байна. Тухайлбал  өмгөөлөгч   Т.Алтанцол “Д.Сүрэнхорыг шүүх буруу зүйл ангиар ялласан. Учир нь  үйлчлүүлэгч Д.Сүрэнхорын тухайн үед хашиж байсан албан тушаал нь  төсөв  санхүү удирдлагын тухай хуулиар бол төсөв зарцуулах  шийдвэр гаргах эрх нь нээлттэй. Эд хөрөнгийг итгэмжлэн хариуцагч нь зөвхөн Д.СҮРЭНХОР биш, тухайн яамны нягтлан бодох  байдаг. Гэтэл даргынхаа хууль бус үйлдлийг мэдсэн хир нь  таслан зогсоох үүрэгтэй нягтлан бодох яагаад хариуцлагад татагдаагүй.  Нягтлан бодох   өөрийн ажлын чиг үүргийн дагуу Д.Сүрэнхорын буруутай үйлдлийг таслан зогсоож болох байв. Тэгэхэээр  нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон  бусад хуулиас харахад тухайн  төсвийн мөнгөний  итгэмжлэгдсэн төлөөлөгч нь   нягтлан бодох байсан. Харин хяналт тавих үүрэгтэй албан тушаалтан бол Д.Сүрэнхор юм. Тиймээс Д.Сүрэнхор эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан  бүрэн төлөөлөгч биш тул ялын зүйлчлэл 150.3-аар биш 263 буюу албан тушаалын байдлаа хэтрүүлсэн гэх зүйлчлэлээр яллуулах ёстой” гэсэн санал оруулах юм байна.Одоогоор шүүгдэгч Д.Сүрэнхорын биеийн байдал сайнгүй, гэр бүлийн хүн нь ослын улмаас гэмт хэрэгт татагдсан зэрэг хувийн байдлыг нь шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэх болов уу гэсэн найдлага тавьж буй аж.  Өмгөөлөгчдийн үзэж буйгаар Д.Сүрэнхор гэм буруугаа хүлээсэн, улсад учруулсан хохирлоо барагдуулсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг ч  ял хөнгөвчлөх буюу Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйл ангийн 55.1 дахь хэсэгт зааснаар гэм хороо арилгасан бол хувийн байдлыг нь харгалзан үзэж ялын доод хэмжээ буюу эдлэх ялын гуравны нэг хэсэг хасагдах  үндэслэлтэй гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр өнөөдрийн Дээд шүүхийн хуралдаанаар өмгөөлөгчдийн зүгээс эрүүл мэнд, хувийн байдал, ялын зүйлчлэлийн талаар хэд хэдэн саналыг оруулах нь. Харин Дээд шүүх хэргийг хэрхэн хүлээж авах эсэх нь тодорхойгүй юм. Төрийн өндөр албан тушаалтнууд ял завших явдал газар авсаар буй энэ үед тэдний эгнээг Үйлдвэр худалдааны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор нэмж  хэргээс мултарах нь гэсэн хардлага ч бий.  Өнгөрсөн хугацаанд   түүнд  эрүүгийн хуулийн 150.3,148.1-ээр зүйлчлэн хэрэг үүсгэн шалгасан боловч 148.1-р зүйл ангийг хэрэгсэхгүй болсон юм. Тодруулбал сэжигтэн Д.Сүрэнхор нь бусдаас 15 сая төгрөг хууран  авсан гэх хэрэг ч хэрэгсэхгүй болсон. Тухайлбал,  2006 онд гадаад руу гарахаасаа өмнө УИХ-ын гишүүн Г.Занданшатар,  МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нараас их хэмжээний мөнгө залилаж оргосон гэх мэдээлэл ч гарч байсан. Харин цагдаа прокуророос Д.Сүрэнхорд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж   тогтоосон нь ердөө 15 сая төгрөг залилсан гэх хэрэг. Уг зүйл ангийг хяналтын шатанд  прокуророос хэрэгсэхгүй болгосон юм. Үүнээс гадна бидний гайхшралыг төрүүлж байгаа  зүйл бол сэжигтэнг  хэргийн газраас оргон зайлсан гэх зүйл ангиар яллаагүй гээд түүний хэргийг мөрдөн шалгах шүүх ажиллагаанд алдаа гарсан гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Сүүлийн үед түүнтэй холбоотой нэгэн таагүй мэдээлэл цацагдах болсон нь  түүний гэр бүлийн хүн болох Д.Эрдэнэ-Отгон өнгөрсөн оны аравдугаар сарын 15-ны өдрийн 16.00 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт согтгуугаар автомашин жолоодож байхдаа Сэлэнгэ аймгийн харьяат 30 настай эрэгтэйг дайрч амь насыг нь бүрэлгэсэн гэх мэдээлэл. Түүний эхнэрийн хэргийг Замын цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж нийслэлийн Тээврийн Прокурорын газарт шилжүүлсэн билээ. Өнгөрсөн  гурван улирлын турш  олны анхааралд байсан түүний хэргийг Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцэж ялын зүйлчлэл зөв эсэхийг шийднэ. Хэрэв Д.Сүрэнхорыг  Эрүүгийн хуулййн 150.3 гэсэн зүйл анги өөрчлөгдөж 263–аар яллуулбал Өршөөл үзүүлэх тухай хуульд бүрэн хамрагдаж суллагдах боломжтой юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж