Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Ганын шинэ удирдагч

Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад Ганийн шигшээг удирдаж, шөвгийн наймд шалгаруулсан Милован Ражевач үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Харин түүнийг орлон Серби мэргэжилтэн Горан Стеванович Гана улсын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилогджээ. Ингэснээр тэр Ганын багийг дасгалжуулах гурав дахь Серби мэргэжилтэн болж байгаа аж. Ражевачийг орлох боломжтой таван менежерийн нэр байсан ч Ганын хөлбөмбөгийн холбоо Серби мэргэжилтэнг Францын шигшээн тоглогч асан, дэлхийн аварга Марсель Дисай, Португалийн хуучин менежер Умбэрто Коело нараас илүүд үзэн сонгосон байна. Югославийн шигшээд тоглож байсан Стеванович тоглогчийн замналынхаа ихэнх хугацааг “Партизан Бельград” багт өнгөрүүлсэн юм. Тэрбээр мөн 2006 оны дэлхийн аваргад хасагдах шатанд шалгарсан Сербийн шигшээ багийн туслах дасгалжуулагчийн албыг хашиж байжээ.

Ганад ирээд түүний хамгийн түрүүнд хийх ёстой ажил нь шигшээ багийг 2012 оны Африкийн цомын тэмцээнд шалгаруулах юм. “Хар одод” одоогоор урьдчилсан шатны хэсгээ тэргүүлж яваа бөгөөд гуравдугаар сарын 27-ы өдөр Конготой тоглоно. Түүнээс хоёр хоногийн дараа алдарт Уэмбли цэнгэлдэхэд Английн шигшээтэй нөхөрсөг тоглолт хийх ажээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж