Кенни Далглиш ажлаа хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Кенни Далглиш ажлаа хүлээн авлаа

Премьер лигийн “Ливерпуль” клубын шинэ дасгалжуулагч Кенни Далглиш өчигдөр Энфилд Роудэд анхны хэвлэлийн бага хурлаа хийлээ. “Ливерпуль”-ийн түүхэн тоглогч байсан Шотланд эрхэм өмнөх дасгалжуулагч Рой Хожсоны оронд Энфилдэд ирсэн билээ. Өнгөрсөн бямба гаригт Далглиш FA Cup-ын тэмцээнд “Манчестер Юнайтед” багийн эсрэг анхны тоглолтоо хийж, 1:0 ээр ялагдсан. Гэхдээ Далглиш өмнө нь 1985-1991 оны хооронд “Улаанууд”-ыг удирдаж, 1989 онд Премьер лигт түрүүлж байсан удаатай. Тэрбээр хэлэхдээ “Миний ойлгосноор бол би энэ багтай улирлыг дуустал ажиллана. Энэ миний хувьд асуудал биш. Би бямба гаригийн өглөө багийн удирдлагуудтай утсаар ярисан. Гэхдээ тэр үед би хол явж байсан. Тэгээд надаас багийг дасгалжуулаач гэхэд нь би шууд л зөвшөөрсөн. Би одоогоор ямар нэг зүйл амлаж чадахгүй. Ямар ч байсан энэ багтай дахин хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Надаас өөр сайн менежер гарч ирвэл би ажлаа өгөхөд бэлэн. Юутай ч миний амьдрал, миний гэр бүл Ливерпультэй салшгүй холбоотой” гэжээ.

Өчигдөр Далглишийн хувьд тун завгүй өдөр байлаа. Шотланд эрхэм Мелвуд дэх бэлтгэлийн баазад багийнхантайгаа анх удаа бэлтгэл хийсэн байна. Далглиш хамгийн сүүлд 2000 онд Шотландын “Селтик”-ийг удирдаж байснаас хойш ямар нэг баг удирдаагүй. Гэхдээ тухайн үеийн хөлбөмбөг одоо үеийнхээс өөр байсан нь гарцаагүй. Одоогоос 18 сарын өмнө Далглиш “Ливерпуль” багийн хүүхдийн сургуультай хамтран ажиллаж байсан аж. Далглишийн хамгийн эхний шалгуур бол лхагва гаригт “Блэкпуль”тэй хийх тоглолт байх юм. Улирлын эхэнд “Улаанууд” талбай дээрээ “Блэкпуль”-д 2:1-ээр ялагдаж сенсаац тарьсан болохоор энэ удаа даагаа нэхэх боломжтой.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж