Анкарагийн гудамжны тохижилтыг ТИKA хариуцна

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Анкарагийн гудамжны тохижилтыг ТИKA хариуцна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр Туркийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар тохижуулах Улаанбаатар дахь Анкарагийн гудамжны тохижилтын ажлыг хариуцаж ажиллахаар болсон Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ТИКA/-ын суурин төлөөлөгч Нурдун Рахманыг хүлээн авч уулзлаа.

Хотын дарга, юуны өмнө Анкарагийн нэрэмжит гудамжийг иж бүрэн тохижуулахаар шийдвэрлэсэн Туркийн Засгийн газарт талархаж байгаагаа  улаанбаатарчуудын өмнөөс илэрхийлээд Улаанбаатарт өмнө нь олон ажлыг сайн хийж байсан туршлагатай ТИKA энэ ажлыг хариуцах болсонд сэтгэл хангалуун байж, тус төслийг богино хугацаанд чанартай гүйцэтгэнэ гэдэгт итгэж буйгаа онцоллоо. Мөн тэрбээр тус гудамжны тохижилтын ажилтай холбогдох дэд бүтцийн Улаанбаатарын зүгээс хамааралтай ажлуудын бүх хөрөнгө мөнгө нь шийдэгдэж, энэ онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд шугам сүлжээний шинэчлэл, зам засварын ажлууд хэзээ эхэлж хэзээ дуусах хугацааг ойрын үед эцэслэн шийдвэрлэж хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Хоён Рахман саяхан ТИКА-гийн хуралд оролцох үеэрээ Анкара хотын даргатай уулзахад тус гудамжны тохижилтын ажлын зураг төслийг Анкара хотын дарга түүнд гардуулсан байна. Мөн тус улсын Ерөнхий сайд ч энэ ажилд чухалчлан анхаарч, Турк улсаас манай улсад хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг болох Анкарагийн гудамжийг тохижуулах төсөлтэй биечлэн танилцжээ.

    Анкара хотын даргын гардуулсан зураг төсөлд, ус бол эд баялаг гэж үздэг туркуудын бэлэгдэл болгож усан оргилуур, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн очиж үздэг дурсгал болох Миланагийн хөшөөнөөс гадна Орхоны хөндий дэх түрэгийн дурсгалын үлдэгдэл болох гэрэлт хөшөө байх аж. Мөн тус гудамжны гэрэлтүүлгийг Туркийн Анкара хотын гудамжны гэрэлтүүлгийн нэгэн адил хийхээр тусгажээ.

    Хотын дарга Анкарагийн гудамжны тохижилтын ажлыг биечлэн анхааралдаа авсан гэдгээ мэдэгдээд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажил, болон хэрэгжиж дуусах хүртлэх хугацаанд шаардлагатай бүхий л зүйлд хамтран ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд болон Авто замын газар, Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс зэрэг бусад холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж