ЗХУ-д шийтгүүлсэн монгол иргэдийн сургийг гаргана

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

ЗХУ-д шийтгүүлсэн монгол иргэдийн сургийг гаргана

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгуулахаар иргэдээс гаргаж буй өргөдөл хүсэлт,  цагаатгагдсан хүмүүст олгох нөхөх олговрын олголт зэргийг 2011 оны сүүлчээр бүрмөсөн дуусгавар болгохоор өнөөдөр хуралдсан Цагаатгалын комиссын хуралаар ярилцжээ. Тагнуулын Ерөнхий Газрын архивт хадгалагдаж байгаа бөгөөд шинээр илэрсэн улс төрийн хэргүүдийг шалгах ажиллагааг эрчимжүүлэх нь тус комиссын энэ оны бас нэгэн  зорилт ажээ. Өнгөрсөн онд Тагнуулын Ерөнхий газрын  цагаатгалын тасаг улс төрийн шалтгаантай 1080 иргэнд холбогдох 634 хэрэг дээр ажиллаж дүгнэлт гаргасан байна. Мөн хугацаанд Улсын Дээд шүүх, анхан шатны шүүхүүд, Ерөнхий Прокурорын газар нийт 549 хүнийг улс төрийн хилс хэргээс цагаатгажээ. Өнөөдрийн байдлаар хилс хэргээр хэлмэгдсэн нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдож, цагаатгагдсан 30 мянга 427 иргэний нэр төр нь сэргээгдээд байна. Үүний зэрэгцээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг нь сэргээх, дурсгалыг нь мөнхжүүлэх, нөхөх олговор олгох, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийсэн тухай Комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн танилцууллаа.

 Хуралдааны үеэр Салбар комиссын үйл ажиллагааны зардал нь хүрдэггүй, ажлын үр дүнгийн урамшууллыг  хууль журмын дагуу бүрэн олгогддогүйд  холбогдох байгууллагад анхааруулах, хуучин ЗХУ-д хүргэгдэн шийтгүүлсэн монгол иргэдийн сургийг гаргуулах, тэдний хэрэг материал байж болох архивуудтай холбоо тогтоох, эрэн сурвалжлах ажлыг хийх, цагаатгалтай холбоотой байгууллагуудын  шалгаж байгаа болон эцэслэн шалгаж дууссан хэрэг материалын тоо баримтыг нэгтгэж нэг мөр болгох зэрэг асуудалд анхаарлаа хандуулж ажиллах талаар ярилцав.

Хуралдааны үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос 2011 онд зохион байгуулж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж гаргалаа гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж