БНСУ-д хараар амьдарч буй монгол иргэдийг нэг удаа визжүүлэх санал тавилаа

Хуучирсан мэдээ: 2010.02.23-нд нийтлэгдсэн

БНСУ-д хараар амьдарч буй монгол иргэдийг нэг удаа визжүүлэх санал тавилаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл айлчлалынхаа хоёр дахь өдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Хен О-тай уулзлаа. Монгол Улсын Их  Хурлын дарга  БНСУ-ын Үндэсний Ассамблейн урилгыг  хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархалтай байгаагаа ноён Ким Хен О уулзалтын эхэнд тэмдэглээд Солонгосын парламент хуралдаж, ажлын ачаалал ихтэй байгаа ч байнгын хороодын дарга нар энэхүү уулзалтад оролцохоор  хүрэлцэн ирсэн нь Монголын парламентын спикерийн албан ёсны айлчлалд ихээхэн ач холбогдол өгч, хүндэтгэл үзүүлж байгааг тэрбээр онцолж байлаа.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол, Солонгосын харилцаа хурдацтай хөгжиж, хоёр ард түмний хооронд бүх түвшинд итгэлцэл, харилцан ойлголцол бэхжиж ирсэнд сэтгэл нэн ханамжтай байгаагаа илэрхийлээд энэхүү харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ. Тэрбээр цааш нь, Монгол Улс эдүгээ өөрийн эрдэс баялгийн их нөөцийг эдийн  засгийн эргэлтэд оруулах замаар  хөгжлийн хурдцаа түргэтгэхийг зорьж байна. Манай гурав дахь хөршийн хувьд, мөн хөрөнгө, технологийн боломжтой, манай бүтээгдэхүүний зах  зээл болохын хувьд  БНСУ-ыг энэ салбарт оролцуулахыг  сонирхож байгаагаа илэрхийллээ.

Мөн БНСУ-ын Эрдэс баялгийн корпораци тэргүүтэй Солонгосын консорциум Тавантолгойн нүүрсний ордыг хамтран ашиглахад оролцохоо илэрхийлснийг манай тал анхааралтай судалж байгааг тэмдэглээд энэхүү ордыг ашиглах үндсэн  нөхцөл нь зам, тээврийн оновчтой шийдэл олох явдал бөгөөд Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас удахгүй үндсэн чиглэлийг  нь батлан гаргах  болно гэлээ.  Түүнчлэн БНСУ-д гэрээгээр, хувиараа ажиллаж амьдарч байгаа монгол  иргэдийн асуудалд Үндэсний Ассамблейн зүгээс дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд  талархал  илэрхийлж, цаашид энэхүү дэмжлэг туслалцаагаа үргэлжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа тэмдэглээд  солонгос иргэдтэй гэрлэсэн монгол иргэдийн эрхийг хамгаалах, тэднийг үр хүүхдүүдээ монгол хэл, соёл сургахад дэмжлэг үзүүлэх зэрэг нэлээдгүй анхаарах асуудал  байгааг дурьдав.

УИХ-ын  дарга БНСУ-д  ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн ахуй нөхцөлийг сайжруулах асуудлаар  хэд  хэдэн санал тавилаа. 90 хоногийн визийг харилцан олгох  болсноор манай иргэд визийн хугацаагаа зөрчих явдал эрс цөөрч, хууль бусаар оршин суугчдын тоо багасч байгаа бөгөөд энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан  БНСУ-д визгүй зорчдог эрх бүхий монгол иргэдийн оршин суух  хугацааг 90 хүртэл  хоног болгох, дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд хууль бусаар оршин суугаа монгол иргэдийг нэг удаа визжүүлэх, монгол иргэдийн ажиллаж байгаа салбар, чиглэлд нь мэргэжлийн сертификат олгоход БНСУ-ын парламент анхаарч тодорхой шийдвэр гаргаж  өгөхийг хүслээ. Мөн хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагууд дахь найрамдлын бүлгүүд, Тамгын газрын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлж шинэ шатанд гаргах хэрэгтэй байгааг хэллээ. Түүнчлэн хоёр орны парламент ОУПХ болон бүс нутгийн  парламентын байгууллагуудын хүрээнд харилцан бие биеэ дэмжиж хамтран ажиллах нь чухал  болохыг онцлон тэмдэглэв.

БНСУ-ын  Үндэсний Ассамблейн дарга ноён Ким Хен О хоёр  орон өнө эртний уламжлалт түүхэн харилцаатай явж ирснийг дурьдаад хоёр улсын харилцаа, цаашдын  хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч Монгол Улсын Их Хурлын дарга БНСУ-д өөрийн биеэр хүрэлцэн ирсэн явдалд дахин талархал илэрхийлж, УИХ-ын даргын ярьсан бүхий л асуудлыг БНСУ-ын парламент анхааралдаа авч боломжийн хэрээр дэмжлэг, тусламж үзүүлж ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалт ярилцлагын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга ноён Ким Хен О-г хоёр улсын хууль тогтоох дээд  байгууллагын хамтын ажиллагаа болон  монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж  “Алтан  гадас” одонгоор шагнасныг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гардууллаа.

УИХ-ын дарга мөн өдөр Үндэсний Ассамблейн номын сан, “Шинэ тосгон хөдөлгөөн” төв болон Конкукийн их сургуулийн эмнэлгийн үйл  ажиллагаатай танилцаж, Үндэсний Ассамблейн “NATV”-д хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлага өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж