АНУ-ын элчин сайд Дорноговь аймагт айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

АНУ-ын элчин сайд Дорноговь аймагт айлчиллаа

Өнгөрөгч онд УИХ-аар төмөр замын тухай төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолборын төслийг гишүүдийн олонхын саналаар баталсан нь  говь нутагт хөгжлийн хүрдийг эргүүлэх хөшүүрэг болсон билээ. Үүнээс үүдэж Дорнын цэнхэр говьд өрнөх бүтээн байгуулалтад гар бие оролцохыг хүссэн   гадаад дотоодын  хөрөнгө оруулагчдын цуваа шинэ он гарангуут хөл хөдөлгөөнтэй эхлэв. Хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын  “ROLAND 8 C” компани манай аймагт нарны эрчим хүчийг ашиглаж  цахилгаан станц барих тухай хүсэлтээ илэрхийлж, ажил хэргийн уулзалт хийгээд явсан бол өнгөрөгч  баасан гарагт АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ноён Жонатан Эдлтон,  албан ёсны айлчлал хийлээ. Ноён Элчин сайдын айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн хэлтсийн дарга Винсент Д.Спера, гадаад худалдааны ажилтан орчуулагч н.Дарьсүрэн, Олон нийттэй харилцах албаны ажилтан А.Ганбүжин нар ажилласан юм.  Энэ үеэр аймгийн Засаг дарга П.Ганхуяг, орлогч дарга Ж.Галбадрах нар томилолттой байсан учир говь нутагт хөл тавьсан тэднийг аймгийн Засаг даргын Тамгын Газрын дарга Б.Төмөрхуяг, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Э.Энхжаргал зэрэг албаны хүмүүс угтан авч аймгийн нийгэм эдийн засаг, ирээдүйд хийгдэх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд, орон нутгийн онцлог байдал, өв уламжлал, зан заншил, холбогдох ажил байдалтай танилцуулав.  Харин ноён Элчин сайд Жонатан Эдлтон  өөрийн айлчлалынхаа зорилгыг ийн тодорхойлсон юм.

АНУ-гийн Мянганы хөгжлийн сангаас Дорноговь аймагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй  танилцах, Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолборыг барих төсөл хэрхэн ямар шатанд явж байгаа, нөгөө талаар Дорноговь аймгийн ард иргэд хүүхэд залуустай чөлөөтэй, нөхөрсөг уулзалт хийх тухай байлаа. Тэрбээр хамгийн түрүүнд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих газартай танилцан, аймгийн МСҮТ-д зочлов. Энэ жил  МСҮТ-д Мянганы хөгжлийн сангийн төслийн хүрээнд 127 мянган долларын санхүүжилтээр  хүнд машин механизмын жолооч, засварчин бэлтгэх анги шинээр нээн элсэлт аваад байгаа бөгөөд одоогоор 60 орчим хүүхэд амжилттай суралцаж байгаа аж.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж