Лионель Месси Ballon d’Or хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Лионель Месси Ballon d’Or хүртлээ

Швейцарийн Цюрих хотноо FIFA-гийн ээлжит гала уулзалт болж, FIFA Ballon d’Or шагналын эзэнг тодрууллаа. Эцсийн шатанд “Барса”-гийн гурвал болох Шави, Андрес Иньеста, Лионель Месси нар тунаж үлдээд байсан бөгөөд санал хураалтаар Аргентиний шигшээ багийн довтлогч Лионель Месси бусдыгаа манлайлж, хоёр дахь жилдээ дараалан Ballon d’Or-ын эзэн боллоо. Аргентиний супер од Месси ийнхүү 2004, 2005 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорч байсан Бразилийн Роналдиньогоос хойш дараалан хоёр жил энэхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэн анхны хөлбөмбөгч болж байна. Өдгөө 23 настай тэрбээр өнгөрсөн улиралд “Барса” Испанийн Примера лигийн аваргын цом хүртэхэд гол хүчин зүйл нь байж чадсан бөгөөд энэ улиралд ч “Барселона” лигийг тэргүүлж буй амжилт Месситэй салшгүй холбоотой. Месси 2010 онд клубын төвшинд болон олон улсын тавцанд 60 гаруй гоол оруулжээ.

Харин Иньеста, Шави нарын тухайд Каталаны нэр төр болсон “Барса”-гийн өнгөрсөн жилийн амжилтад түлхүүр тоглогчид байснаас гадна Испанийн шигшээ багийн хамт дэлхийн аваргын цом өргөсөн билээ.

Месси өөрөө дэлхийн шилдгээр дахин тодорсонд үнэхээр их гайхсанаа нуулгүй илэрхийлжээ. Тэрбээр “Үнэнийг хэлэхэд, би өөрийгөө шагнал авна гэж бодоо ч үгүй. Үнэхээр онцгой өдөр болж байна” хэмээжээ.

Харин 2010 оны дэлхийн шилдэг дасгалжуулагчаар “Интер Милан”-ы хамт гурван цомын эзэн болсон Португаль мэргэжилтэн Жозе Моуриньо тодорсон бол Бразилийн Марта FIFA-гийн дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгч болжээ. Түүнчлэн шилдэг гоолын эзэнд олгодог Пушкашийн нэрэмжит шагналыг Туркийн шигшээ багийн тоглогч Хамит Алтинтоп хүртсэн байна. Европын аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын үеэр Казахстаны багийн хаалганд оруулсан Алтинтопын супер гоол ийнхүү эзэндээ эрхэм хүндтэй шагнал авчирчээ.

Мөн 2010 оны бэлгэдлийн шигшээ багт Икер Касильяс, Жерард Пике, Карлес Пуйоль, Майкон, Лусио, Шави, Андрес Иньеста, Уэсли Снейдер, Лионель Месси, Криштиан Рональду, Давид Вилья нар багтсан байна.

Гэрэл зургийг үзэх бол:

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж