Ц.Шинэбаяр МАХН-ын дарга болно гэв үү

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр МАХН-ын дарга болно гэв үү

Онц их хурал хуралдуулж, улс төрд хувьсгал хийхээ мэдэгдсэн МАХН-ын түр штабынхан хоорондоо хагаралдаж эхэлсэн тухай мэдээлэл ирэв. Тус штабын ерөнхий зохицуулагч, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАХН хэмээх “хууль бус” намын дарга, Н.Удвал Ерөнхий нарийн бичгийн дарга болох амбицаа ил тод илэрхийлсэн нь “Улаан гэр”-ийнхнийг ийнхүү үймүүлжээ. Ингэхээс ч өөр аргагүй юм. Учир нь Ардын намын нийслэлийн Хяналтын хороо өнгөрсөн сарын 23-нд хуралдаж, МАХН-ын түр шта­бын зохицуулагч Н.Удвал, Ю.Атар, Б.Туяа на­рыг гишүүнчлэлээсээ хас­сан. Тиймээс хандах нам, очих газаргүй болсон түр штабынхан МАХН хэмээгч хоосон буйран дээр хий л хөрвөөж, нэг нэгэнтэйгээ тамгагүй даргын төлөөх тэмцэл өрнүүлж эхэлсэн нь энэ аж. Эх сурвалжуудын мэдээлснээр, Ю.Атар сая­хан “Пума” ресторанд найз бүсгүйчүүдтэйгээ уулзаж “Ц.Шинэбаяр нартай сүжир­сэн нь ёстой алдаа боллоо. Багшийнхаа ажлыг мөрөөрөө хийж явсан нь дээр байжээ. МАХН-ын нэрээр баахан улстөржсөний эцэст олон түмэнд нэр нүүргүй ч болох юм байна” хэмээн учирлажээ. Философич С.Молор-Эр­дэ­нийн хувьд ч мөн ялгаагүй. Тэр­бээр МАХН-ын түр штабын­хантай анх нэгдсэн зарчмаа өөрчилж “Номоо бичиж явсан минь дээр байж дээ. Найз нөхөд маань намайг буруугаар ойлгоод байх болж” хэмээн учирлаж яваа сурагтай. Харин МАХН-ын дарга, генсекийн албанд бие биенээ дэмжихээр тохиролцсон Ц.Шинэбаяр, Н.Удвал нар “Д.Нинж, Л.Цог нартай хамтран элдэв арга хэмжээ зохион байгуулахад л хангалттай. Түүнээс биш тэ­дэнтэй хамтарч нам байгуулна гэж юу байх вэ” хэмээн үгссэн дуулдана. Энэ мэт байдлаас болж, МАХН-ын түр штабын жирийн гишүүд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт хандах бололтой. Гэвч тэд “Н.Энхбаяр биднээс нүүр буруулж “Би МАХН-ын түр штабын асуудлыг мэдэхгүй. Учир нь би Ардын намын Бага хурлын гишүүн шүү дээ” гэвэл яах бол” хэмээн болгоомжилж байна.   

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж