
Тунисээс эхэлсэн ардчиллын төлөөх хувьсгал Египет, Йордан, Йемен, Алжирт халдварлан Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак, Тунисын Ерөнхийлөгч Зин эль-Абидин Бен Али нар огцорч дэлхийн анхаарлыг татаж чадав. Хувьсгал гарахад голлох нөлөө үзүүлсэн гэх “Викиликс”-ийг үндэслэгч Жулиан Ассанжийн нийтэлсэн мэдээллүүд хэр үнэн бодитой байсныг одоохондоо хэн ч хэлж мэдэхгүй. Гэхдээ л тунисчууд эрх чөлөөгөө олж авахын төлөө жагсаал зохион байгуулж төрийн эргэлт хийж чадлаа. Тэд “Ардчилал” гэсэн нэгэн том зорилгын дор хамт зогсч, болохгүй бүхнийг эсэргүүцэн жагсав. Гэтэл Монголд олон жагсаал болдог ч үр дүнд хүрдэггүй нь сонин санагдаад байгаа юм. Тухайлбал Г.Баасангаар удирдуулсан Монголын чөлөөт ахмадын холбооны ахмадууд нэг хэсэг сүртэй жагсч байснаа сүүлийн үед сураг тасрав. “Даяар Монгол”, “Хөх Монгол” хөдөлгөөнүүд нэг хэсэг хятадуудтай ойр байсан хүмүүсийн үсийг хусна гэж баахан сүржигнэж байгаад сураггүй болсон. О.Магнай, Б.Батзандан нар өдөр бүр жагсч байгаад сүүлдээ намд элсээд чимээгүй болчихож. Өнгөрсөн хавар Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн гэгчийг байгуулан муурч унатлаа өлсгөлөн зарлаж анхаарал татсан ч удалгүй таг чиг болсон. Жагсаал, цуглаан зохион байгуулах идэвх, санаачилгаараа манай улс дэлхийд дээгүүрт орж магадгүй ч үр дүнд хүрдэггүй, зорилгогүй жагсагчидтайгаараа сүүл мушгиж магадгүй шүү. Ядахдаа л тунисчууд шиг байж болдоггүй л юм байх даа. Тэд чадаж байна шүү дээ. Гэхдээ бодоод байхаар нэг бол бид мунхаг, эсвэл тэд мунхаг юм шиг байна. Учир нь манай жагсагчид олны танил болж аваад аль нэг албан тушаалд очмогцоо чимээгүй болчихдог. Гэтэл тунисчууд, египетчүүд нэг зүтгэсэн бол муйхарласаар байгаад эцсийг нь үзэж чадаж байна. Харин энэ дунд хэн нь ялаад, ялагдаад байгааг юугаар хэмжих ёстой юм бол. Яадаг ч байсан бид, эсвэл тэд мунхаг болж таарах нь.
Б.ЭНХМӨНХ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин