
“Арвин шар зам” хоршооны захирал Х.Баяраа:
Бид хамтарч хоршоо байгуулан 2003 оноос Улаанбаатар-Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байсан. Гэтэл 2008 оны зургадугаар сараас эхлэн нийтийн тээврийн тусгай зөвшөөрлийг олгоогүй. Тиймээс Авто тээврийн газарт тусгай зөвшөөрөл хүсэх хүсэлтээ гаргасан боловч өдийг хүртэл авч чадаагүй. Авто тээврийн удирдах газраас тусгай зөвшөөрлийг тендер зарлаж хуулийн дагуу олгоно гэчихээд хуулиа зөрчин Улаанбаатар хотын компанид тендерийг өгсөн гэж үзэн бид эсэргүүцэж байна. Аливаа зүйлийг зах зээлийн хуулиар шийдвэрлэхдээ хууль зүйн хүрээнд тендер, сонгон шалгаруулалтыг ил тод шударгаар явуулахгүй байна. Бид энэ талаар ЗТБХБЯам болон Авто тээврийн газрын удирдлагуудад удаа дараа хандсан боловч ямар ч шийдэлд хүрэхгүй байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгохгүй бол өөрсдийн хувийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг Авто тээврийн газрын үүдэнд нэг цаг тутамд нэг нэгээр шатаах болно.
Тус хоршооны жолооч С.Цэрэннадмид:
Бид төр засгаас ажлын байр, өнөө маргаашийн идэх хоол гуйгаагүй. Зөвхөн өмнө нь явдаг байсан хот хоорондын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл л хүсч байна. Бүтэн гурван жил биднийг чирэгдүүлж, өдийг хүрлээ. Үнэхээр бидний үйлчилгээ шаардлага хангахгүй байгаа бол ингэж жагсаал цуглаан хийхгүй. Бид ном журмын дагуу татвараа төлж, зорчигчдын аюулгүй байдалд анхаарч ажилладаг байсан. Гэтэл тус чиглэлд хотын нэгэн компани тендерт ялж, том оврын автобусаар үйлчилгээ үзүүлэх болсноос хойш биднийг сард нэг л удаа нийтийн тээвэрт явах эрх олгосон. Энэ нь бензин түлш, амьдралын өртөг нэмэгдсэн үед хангалтгүй байна. Түүнээс гадна биднийг микроавтобусаар үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэсэн мэдэгдэл өгвөл бид нийлээд хэдэн том оврын автобус авах боломж бий.
18.00 цагийн үед Авто тээврийн газрын үүдэнд жагсч буй жолооч нартай эргэн холбогдоход “Удахгүй хариу өгнө, гадаа хүлээж бай” гэсэн дарга нар унаандаа суугаад явчихлаа. Гэсэн ч бид тусгай зөвшөөрөл авахаар нийслэлд ирсэн учир эндээ микроавтобуснуудаа жагсааж, хононо. Өдөр тус байгууллагын эргэн тойронд аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй гээд олон цагдаа орж гарсан хүмүүсийг бүртгээд шалгаад байсан. Одоо бүр олуулаа болчихлоо. Магадгүй биднийг ингэж байгаад хөөж явуулах үүрэг авсан бололтой. Гэхдээ бид юу ч болж байсан нааштай шийдвэр авахгүй бол микроавтобусаа шатаана гэж тогтсон хэвээрээ байна” гэв.