
Тэр ч байтугай бүр саяхан, 2007 онд хэвлэгдсэн “Нийгмийн тухай мэдлэг” номын “Улс төрийн нам” хэмээх бүлэгт “Барууны нам гэдэгт фашист болон либерал намууд, зүүний нам гэдэгт коммунист болон социаль демократ, социалист намуудыг оруулна”, цаашлаад “Монголд байгуулагдсан цагаасаа хойш төрийн эрх барьж байгаа МАХН, ардчилсан хүчний гэгдэх бусад намууд үйл ажиллагаа явуулдаг” гэсэн байна. Өөрөөр хэлбэл манай дунд боловсролын систем барууны үзэл бол фашист үзэл, коммунист үзэл одоо ч хүртэл байдаг хэмээн сургадаг байна. Сонгууль бүрээр нийт сонгогчдын 25 хувь нь иймэрхүү мэдлэгтэйгээр сонгуульд оролцдог гэсэн үг. Өнгөрсөн сонгуулийн туршлагаас харвал тэдэнд 20 мянган төгрөгийн дэвсгэртийг МАХН-ын батлахтай гардуулахад хангалттай байлаа. Харин энэ жил Ардын намын батлахыг 50 мянган төгрөг дагалдаж байгаа гэсэн.
Тиймээс “Сонгогчдын боловсрол төв” төрийн бус байгууллагаас ЕБС-ийн сургуулиудын дунд “Сонгууль гэж юу вэ”, “Сонгуульд яаж оролцох вэ” нэртэй гарын авлага, ном товхимлыг багш нарынх нь гарын авлагатай хамт хэвлэж, найман аймаг, дүүрэгт хичээл зааж туршаад үр дүнг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд таницуулахжээ. Харин Ё.Отгонбаяр сайд “Наадах чинь хэрэггүй. Манайх Оксфордын тогтолцоог авах гэж байгаа” гэж томорчээ. Хэзээ, хаана байгаа нь үл мэдэгдэх “Оксфордын” тогтолцоо гэгчийг хүлээжээ суутал ирэх сонгууль ч болж, эрхэм сайдын “уран бүтээлүүд” нөгөө айхтар фашист, коммунист нам руу нь жинхэнээсээ илгээгдэх вий дээ.