Маргаан таслагч уу, таригч уу

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Маргаан таслагч уу, таригч уу

МАН, МАХН-ын хооронд өр­нөөд байгаа ууган намын нэрийг булаацалдсан маргаан нэг тийш болоход тун ойртлоо. Ур­жигдар МАХН-ынхан Дээд шүүхэд намаа бүртгүүлэхээр, гэхдээ заавал 90 жилийн түүхтэй намын нэрийг авахаар хандав. Харин МАН-ын хувьд хэдэн сарын өмнөх байр суурь нь одоо ч хэвээрээ буюу “Монгол ардын хувьсгалт намын үргэлжлэл нь манай нам” гэсэн ээлжит тайлбараа өгч байна. Одоо аль, алиных нь эцсийн найдвар Дээд шүүхийн Иргэний танхимаас гаргах шийдвэр болоод байна. Саяхан болтол улс төрийн бусад хүчнийхэнд “Алуурчин  нам” гэж адлуулж, өөрсдөө ч цэрвэж байсан тэр нэрийн төлөө өнөөдөр ингэж үхэн хатан тэрсэлдэнэ гэж хэн ч санаагүй. Нэгэнт салхи дагаж уруудсан энэ маргааныг одоо Дээд шүүх л хэн нэгэнд нь ашигтайгаар “эргүүлэх” биз. Ингэснээр тус шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдоод гурван сарын нүүр үзэж байгаа Ц.Зоригийн зүг олон нийт анхаарлаа хандуулж байна. Энэ маргаантай холбоотой хуулиудын заалтыг иш үндэс болгож хэн нэгэн шүүгч шийдвэр гаргахаас гадна түүний “оролцоо” ямар нэгэн хэмжээгээр байх нь гарцаагүй гэсэн хардлага хэн бүхэнд байна. Ялангуяа түүгээр дамжуулан уг асуудалд Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгааг, С.Батболд, Н.Энхбаяр хоё­рын хэнд нь тал засвал “ашигтай”-г тооцсон байр суурь харагдана гэсэн таамаг нэг тийш болох юм. Ямартай ч энэ хаврын улс төрийн нэгэн өнгийг түүний хариуцсан шүүхээс гаргах шийдвэр их, бага хэмжээгээр тодорхойлох нь гарцаагүй. Тэгэхээр одоохондоо маргаан таслагч уу, таригч уу гэдгийг хэлэхэд эрт байна.Тэр Нийслэлийн шүүхэд 13 жил жирийн шүүгчээр ажиллаж байгаад 2006 онд “суга” дэвшиж Ерөнхий шүүгч болсон юм. Харин дөрвөн жилийн дараа буюу өнгөрсөн оны эхээр Дээд шүүхэд ирж хэдхэн сар шүүгчээр ажилласан. Тэгснээ мөн л гэнэт тус шүүхийн Ерөнхий шүүгч болж “томорсон”. УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн нутаг гэхээр түүнийг хэн ч анддаггүй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хүн. Шүүхийн шинэтгэлийг түүнтэй хамтарч хийхээр тооцож Ерөнхийлөгч түүнийг “хайж” олсон гэдэг.

Н.МӨНХТӨВШИН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж