Мэрийн ачаар автобусны цонх ”гэсэв”

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Мэрийн ачаар автобусны цонх ”гэсэв”

Мэр өнгөрсөн баасан га­рагт автобусанд суужээ. Тэ­рээр дөрөвдүгээр дэлгүүрийн буудлаас алс холын Чингэлтэйг зорьсон байх юм. Бас болоогүй мэрийг автобусанд суух үеэр хир даг болсон шуудай үүрсэн хаягдал цуглуулагч нэгэн урдуур нь дайрсан гэнэ. Дараа нь мэр маань кондукторт 500 төгрөг сарвайж, кондуктор хариулт 200 төгрөгийг нь ба­раг л шидсэн байна. Мэр үүнд нэг их бухимдалгүй, тайв­наар нийтийн тээврийн үйл­чилгээнд соёлч боловсон байд­лыг хэвшүүлэх хэрэгтэй гэж хэлсэн гэнэ. Харин мэрийг ийн зорчиж байхад автобусны жо­лооч огцом тормслож ар­хаг тээвэрчнийхээ ид хавыг үзүү­лээгүй нь аз. Тэгсэн бол мэр нэлээд бухимдах байсан даа.

Мэрийг ийнхүү автобусанд суусан сургаар манай те­ле­визүүд гэнэтхэн санасан гэл­тэй нийтийн тээврийн үйл ажиллагааг эрчимтэй “мяалж” эхэлдэг байгаа. Энэ нь бага ч болтугай үр дүнгээ өгч байх шиг. Өглөө намайг автобусанд суухад жолооч, “дараагын зог­соол Дамбын эцэс” гэж хэлэх нь сонсогдсон. Би ч сурсан зангаараа хаана яваагаа мэдэх гэж автобусны цантсан цонхыг “долоож” суусан юм шүү дээ. Ямар ч байсан мэрийн ачаар буух буудал маань дөхөж бай­гааг мэдэхээр боллоо.

Ойрын өдрүүдэд авто­бус­ны тоо олшироод олон хүн суухгүй хэцүү байна. Ша­халддаг, чихэлддэг байхад ч сайхан байж дээ. Ядаж л идэр есийн энэ хүйтэнд хажуу бөөр­нөөс хүмүүс дулаацуулаад даар­даггүйсэн. Бас хэт олон хүнтэй үед автобусны мөн­гө төлөхгүй туулайчлах бо­ломж­той байсан сан. Ний­тийн тээвэрт гомдмоор олон проблем бий дээ. За тэр ч яа­хав. Ийм проблемуудыг мэр мэтийн нөлөө бүхий хү­мүүс л шийднэ. Ерөөсөө эр­хэм Ерөнхийлөгчөөс эхлээд манай улстөрчид бүгдээр ний­тийн тээвэрт нэг өдөр суу­гаасай. Тэгээд нийтийн тээ­вэрт сууж ард түмнийхээ дунд орсон гэдгээ хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр дам­жуулж “гайхуулах” хэрэгтэй. Үр дүнгээ лав өгнө дөө. Ин­гэвэл ядаж автобусууд нь цэмцэгнээд, кондуктор нь зөөлрөөд ирнэ. Шийдвэр гар­гах түвшний хүмүүс ингэж л шийдвэрлэдэг.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж