Португалийг зээл авахыг зөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Португалийг зээл авахыг зөвлөж байна

Франц, Герман болон еюро бүсийн улсуудын зүгээс Португалийг санхүүгийн дэмжлэг авах нь зүйтэй гэж зөвлөж байна. Европын холбоо болон Олон улсын валютын сангаас зээл авч, санхүү эдийн засгийн байдлаа сэргээх ёстой гэж үзэж буй тухай Еврозоны албан тушаалтан хэлэв. Зарим нэг урдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд зах зээлийн санхүүжилтийн өртөг хэт өндөр байвал Португаль улс зээл авах болно гэсэн таамаглал долдугаар сараас хойш яригдаж байгаа. Хэдийгээр албан ёсны хэлэлцээр хийгээгүй байгаа ч Еврозоны Сангийн сайд нарын нэгдэл болох Еврогруп тус улсын Засгийн газрыг тусламж авах ёстой гэж шахаж байгаа аж. Тэдний үзэж буйгаар Португаль улс бүх зүйл дордсоны дараа бус, урьдчилан сэргийлэх үүднээс зээл авах ёстой юм. Хэдийгээр Еврогрупын албан тушаалтан Франц болон Германыг энэ шахалтыг хийж байгаа гэж мэдэгдсэн ч Герман улсын канцлер Ангела Меркель үүнийг няцаасан байна.

“Португаль улсыг санхүүгийн дэмжлэг ав гэж шахах нь Германы Засгийн газрын стратеги биш” гэж Меркелийн хэвлэлийн төлөөлөгч Стеффен Сайберт хэлжээ.

Түүнчлэн Португалийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Германы сэтгүүлд нийтлэгдсэн энэ төрлийн мэдээллийг үгүйсгэсэн юм. Португалийн гол хэвлэл мэдээллийн агентлаг “Publico” ням гаригт “Зөвхөн гайхамшиг л биднийг ОУВС-гаас аврах байх” гэсэн утгатай нийтлэл тавьж, санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Хэрэв зээл авбал Грек, Ирландыг санхүүжилт авахаас өөр аргагүй байдалд хүргэсэн Еврозоны өрийн хямралд цэг тавих болно гэж олон албан тушаалтан үзэж байгаа юм. Лисабон сүүлийн саруудын турш ийм төрлийн шахалт ирээгүй гэж мэдэгдсээр ирсэн. Ямартай ч зээлийн хэмжээ 50-100 тэрбум евро байна гэж зарим эх сурвалж мэдээлж байна.
Португалийн эдийн засаг гадаад хамааралтай гэдэг бөгөөд зээлийн өртөг, төрийн өрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Грек, Ирландын нэгэн адил санхүүжилт авах магадлал өндөртэй юм. Гэхдээ нэгэнт хүсэлт гаргаагүй байхад хүчээр зээл олгоно гэдэг байж болшгүй зүйл билээ.

Хэрэв Португаль санхүүгийн дэмжлэг авахаар шийдвэл дараагийн ээлжинд Испани улс байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж