“Астон Вилла” 32-т багтлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

“Астон Вилла” 32-т багтлаа

FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний гуравдугаар тойргийн хүрээнд Брэмолл цэнгэлдэхэд “Астон Вилла” талбайн эзэн “Шиффилд Юнайтед” багтай тоглолоо. Тоглолтын ес дэх минутад эхний гоол орж, “Тоттенхэм”-ээс зээлээр ирсэн Кайл Уолкер дөрвөн ч хамгаалагчийг хуурч, хөлбөмбөгийн карьераа эхлүүлж байсан хуучин багийнхаа эсрэг гоолдсон. Үүнээс 24 минутын дараа дахиад л зочид довтолж, хөндлөн дамжуулалтаас ирсэн Эшли Янгийн бөмбөгийг залуу тоглогч Олбрайтен маш хүчтэй гуядан тооны харьцааг 2:0 болгон холдуулсан. Эхний хагас иймэрхүү үр дүнтэй өндөрлөсөн бол байраа солиод удаагүй байхад Испани хамгаалагч Гуилла торгуулийн талбайдаа алдаа гарган “Шиффилд”-д 11 метрийн цохилт бэлэглэсэн юм. Улмаар мөн л “Астон Вилла”-гийн “бүтээгдэхүүн” Жэймэй Уорд хуучин багийнхаа эсрэг гоолдож, тооны харьцааг 2:1 болгон ойртуулсан байна. Гэвч энэ нь талбайн эздийн хувьд нэр төрийн гоол нь байсан бөгөөд Эшли Янгийг улаан хуудас авч, хөөгдсөний дараа “Залуу арслангууд” тооны харьцааг 3:1 болгон холдуулж, хувь заяаг бүрэн шийдсэн гэхэд болно. Болгарын хагас хамгаалагч Стиляан Петров сүүлийн гоолыг оруулснаар “Астон Вилла” 3:1-ээр ялалт авч, дараагийн шатанд “Блэкбурн”-тай тоглохоор боллоо.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж