Агаарын температур хүйтрэх тусам айл өрхүүдээс халаалт дулаан доголдсон талаарх мэдээлэл нэмэгдэх болжээ. Нийслэлийн дүүрэг бүрээс халаалт, дулаантай холбоотой гомдол ирсээр байгаа бөгөөд Ханын материал, Өнөр хороолол, Сансар орчмын халаалт дулаан байнга доголдох болжээ. Өнөө өглөөний байдлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Шуурхай мэдээллийн төвийн 310005 тоот утсанд Сансарын 15 дугаар хорооллын иргэдээс халаалт доголдон, өрөөний хэм 10 градус орчим байна гэсэн гомдлыг мэдээлсэн байлаа. Иймд бид орон сууцны “ГМ” конторын диспетчертэй холбогдон юуны учир халаалт доголдсон талаар тодруулахад:
-Дулааны горим хэвийн биш байгаагийн дээр зарим байруудад шугам бөглөрөөд байна. Тиймээс хэсэгчилсэн засвар хийж, халаалтыг түр хаах арга хэмжээ авч байгаа. Удахгүй доголдол арилна.
-Шугамын бөглөрлийг урин дулааны цагт хийж болоогүй юм уу. Нэг айлын шугам бөглөрөхөд нэг хэсэг айлуудын халаалтыг хаах болно шүү дээ?
– Урин дулааны цагт засвар хийсэн. Засвар хийх үед айлууд зусланд гараад эзгүй байх нь элбэг. Зарим нь хаалгаа тайлж өгөхгүй байх нь ч бий. Тиймээс л өвлийн цагт доголдол гараад байгаа юм. Шугамын бөглөрөөг гаргахгүй бол айлуудын халаалт сайжрахгүй болохоор хэсэгчилж хаагаад, засч л байна гэлээ.
Д.Цээнэ