”Эцэг” хуульд гар хүрэх хоёр шалтгаан

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

”Эцэг” хуульд гар хүрэх хоёр шалтгаан

Үндсэн хуулийг хөдөлгөх боломжийг УИХ-ын намрын чуулганаар бүрдүүлсэн билээ. Тодруулбал, Монгол Улсын Үнд­сэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах жур­мын тухай хууль баталж “Эцэг” хуулийн аль хэсэгт гар хүрч болохыг тодорхойлсон. Уг хуульд зааснаар УИХ-ын сонгууль явуулахын өмнөх зургаан сард Үндсэн хуульд нэмэлт өөрч­лөлт оруулж болохгүй. Мөн “Эцэг” хуульд гар хүрснээс хойш найман жилийн до­тор дахин нэмэлт өөрчлөлт оруулах боломж­гүй аж. Тиймээс гишүүдийн олонхи нь УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнө амжиж Үнд­сэн хуулиа өөрчлөх хуулийн төсөлд ухаан зарцуулж, гараа чилээж байгаа гэх. Н.Батбаяр, Ц.Бат­баяр, Л.Гантөмөр, Ц.Сэдванчиг, Ц.Шинэ­баяр, Д.Энхбат, З.Алтай  нарын 15 гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах гурван зүйл бүхий хуулийн төсөл боловс­руулсан. Үүнтэй зэрэгцэн Д.Дамба-Очир, Ж.Сүх­баатар нарын найман гишүүн Үндсэн хуу­лийн тодорхой заалтыг өөрчлөхөөр хуу­лийн төсөл боловсруулж байгаа аж. УИХ-ын хав­рын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөв­лөж буй тэдгээр хуулийн төслийн талаар санаач­лагчдаас нь тодрууллаа.

Ц.СЭДВАНЧИГ: САЙД НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛОМЖ АЛГА

УИХ-ын гишүүн Д.Энхбат нарын боловс­руулсан хуулийн төс­лийн агуулга нь Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийн хоёрыг нь буцааж сэргээхэд оршиж байгаа юм. Тодруулбал, Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Зас­гийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт үл хамаарах ажил, алба хавсарч болохгүй” гэсэн заалтыг өөрчлөх аж. Энэ заалтыг “Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэж тодруулахаар хуулийн төсөл­дөө тусгасан. Мөн УИХ-ын дарга, дэд дарга бо­лон байнгын хорооны дарга нарыг ил санал хураалтаар сонгож болох тухай Үндсэн хуулийн заалтыг өөрчлөх аж. Өөрөөр хэлбэл, дээр дурьдсан дарга нарыг УИХ-ын гишүүдийн нууц санал хураалтаар сонгоно гэх өөрчлөлтийг төсөлдөө тусгажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Засгийн газрын гишүүдийн олонхи нь УИХ-ын гишүүн учраас сайдуудад хариуцлага тооцох боломжгүй. Засгийн газрын нэг гишүүн хоёр гишүүний дэмжлэгийг авчихвал ямар ч асуудалд олонхи болох нөхцөл бүрдчихсэн байгаа. Энэ нь Засгийн газарт тавих УИХ-ын хяналтыг сулруулж байгаа хэрэг. Нөгөө талаар байнгын хороодын дарга нарыг ил санал хураалтаар сонгодог нь УИХ-ын гишүүд саналаа чөлөөтэй гаргах эрхийг хязгаарласан. Тухайлбал, олны нүдэн дээр намынхаа нөхрийг сонгохоос өөр аргагүй байдлыг бий болгодог. Тиймээс нам, төрийг салгах үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас аргагүй. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Ерөнхий сайдаас санал авахын тулд хуулийн төслөө Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар сарын дотор хариугаа ирүүлэх ёстой. Үүний дараа УИХ-ын даргад хуулийн төслөө өргөн барина. УИХ-ын хаврын чуулганаар хуулийн төслийг баталбал 2012 оны наймдугаар сарын 1-ээс мөрдөж эхлэх учиртай” гэсэн юм.

Д.ДАМБА-ОЧИР: ЗАСАГЛАЛЫН ТУХАЙ ЗААЛТУУДЫГ ӨӨРЧЛӨХГҮЙ

Хууль санаачилагчид Үндсэн хуулийн үндсэн зарчмыг хөндөхгүйгээр нэмэлт өөрчлөлт оруу­лах эрхтэй. Дээр дурьдсан гишүүд Засгийн газ­рын бүрэлдэхүүн, УИХ-ын үйл ажиллагааны зарчимтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруу­лахаар төлөвлөж байгаа бол Д.Дамба-Очир нарын гишүүд “Эцэг” хуулийн ямар хэсэгт гар хүрч байгааг тодрууллаа.

-Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?

-Би Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж УИХ-д сонгогдсон үеэсээ ярьсан. Тухайн үед ийм саналтай гишүүдийг “Эцэг” хуульд л гар хүрч болохгүй. Та нар засгийн эрх авахын тулд хуульд өөрчлөлт оруулахаар дайрч байна” гэх зэргээр шүүмжлэх хүн цөөнгүй байлаа. Бүр Үндсэн хуулийг хамгаалах холбоо хүртэл байлаа. Үндсэн хуульд  амьдралд нийцэхгүй олон заалт байгаа нь үнэн. УИХ-ын гишүүдэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх нь байгаа учраас хуулийн төсөл боловсруулсан. Гэхдээ бид Үндсэн хууль дахь засаглалын тухай заалтуудад өөрчлөлт оруулахгүй. Харин засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулахаар “Эцэг” хуулийн зарим заалтыг өөрчлөхөөр ажиллаж байна. Одоо мөрдөж байгаа хуулиар зарим хот нь гэхэд баг болчихсон байх жишээтэй. Бор-Өндөр баг гэхэд 30 мянган иргэнтэй. Тэгсэн хэрнээ 600 хүнтэй суманд харьяалагдаж байна. Говьсүмбэр аймгийн хувьд урд талын хороолол нь нэг сум, хоёр алхаад хойд талынх нь хоёр дахь сум. Засаг захиргааны иймэрхүү хуваарилалтыг Үндсэн хуульд нийцүүлэх гэж хийсэн. Үүнийг л цэгцлэх үүднээс засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байна. Бид хуулийн төслөө ажлын хэсгийн бүх гишүүнд хувилаад өгчихсөн.

-Д.Энхбат нарын гишүүдийн боловсруул­сан хуулийн төслийг та нарынхтай нэгтгэх боломжтой юу?

-УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг бай­гуулсан. Ажлын хэсэгт Монголын нөлөө бүхий хуульчид, төрийн бус болон олон нийтийн байгууллагын төлөөлөл орсон байгаа. Ажлын хэсэг хоёр, гурван хуулийг нэгтгэж хэлэлцээд УИХ-д өргөн барих юм. Тиймээс хуулийн төс­лөө эхлээд ажлын хэсгээр хэлэлцүүлнэ. Гэхдээ өөрч­лөлт оруулах зүйл ангиуд нь өөр учир нэгтгэж болохгүй.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэж амжих болов уу?

-Хаврын чуулганаар хэлэлцэж амжих байх гэж найдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж