Тамгын газар шинэ байртай боллоо.

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Тамгын газар шинэ байртай боллоо.

Их жанжин Сүхбаатараар  овоглосон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар шинэ байртай боллоо.

Өнгөрсөн намраас засварлаж эхэлсэн хоёр давхар уг байр нь 1960, 70-аад оны үед сумын захиргаа байрлаж байжээ. Хуучин нэг давхар барилгыг УИХ-ын гишүүн Р. Будын багцаас 125 сая төгрөгөөр Улаанбаатар хотын  “Хөх хайрхан” ХХК засварлаж  хүлээлгэн өглөө.

Нээлт өчигдөр буюу энэ сарын 9-ний билэгт сайн өдөр болсон юм. Үе үеийн сумын удирдлага, тамгын ажилтнууд ажиллаж ирсэн байранд үйл ажиллагаагаа явуулах болсондоо сумын удирдлагууд төдийгүй ард иргэд билэгшээж байв. Сум нэгдлийн даргаар олон жил ажиллаж ирсэн Цэндсүрэн, Бямбажав, Дуулга, Цэгмид зэрэг гавьяатнуудаараа одоо ч тус сумынхан бахархан, хүндэтгэж явдаг юмаа. Шинэ байрыг мялааж  тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Талын гал” ХК, “Цайрт минериаль” ХХК тус бүр нэг сая төгрөг, “Талын зам” ХХК болон сумын бизнес эрхлэгчид хандив өргөсөн. Шинэ тамгын газрын байр нэг давхартаа иргэд, малчдад нэг цэгээс төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх боломжийг бий болгожээ.

                                                                                                                      Ц.Энхбаатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж