Секс хориг тавибал ямар вэ?

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Секс хориг тавибал ямар вэ?

Бельгийн Сенатын депутат, Социалист намын гишүүн хатагтай Марлен Теммерман улстөрчдийн эхнэрүүдэд хан­дан секс хориг тавихыг уриалаад байгаа билээ. Бельгид 2010 оны тавдугаар сараас хойш хууль ёсны Засгийн газаргүй, Сенат нь Засгийн газраа эмхэлж чадалгүй өдийг хүрчээ. Франц хэлтэй валлончууд, голланд хэлтэй фламандчуудын хага­рал ээлжит бус сонгуульд хүргэж өнөөг хүртэл угсаатны бүлэглэлийнхэн эрх мэдлийн хуваарилалтаа хийж чадаагүй нь ийм байдалд хүргэжээ. Тиймээс Засгийн газраа байгуултал Сенатын гишүүдийн эхнэрүүд эр нөхөртэйгөө энгэр зөрүүлэхгүй байхыг эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжилтэй эрхэм сенатч хатагтай Марлен Теммерман уриалаад байна.

Харин манайд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталж чадалгүй хоёр ч чуулган дамжуулж, эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг хуульд тусгах эсэх нь бүрхэг хэвээрээ байгаа юм. Ер нь УИХ-аас гаргаж буй хуулиудад жендэрийн асуудал, эх нялхсын асуудал тусч чаддаггүй. Ядаж Сонгуулийн хуулиа шинэчилтэл секс хориг тавихыг УИХ-ын гишүүдийн эхнэрүүдэд гурван эмэгтэй гишүүний нэг уриалбал үр дүнд хүрэх юм биш байгаа.

УИХ-ын гишүүдийн эхнэрүүд өөрийн холбоотой. Жил бүр мартын наймнаар Төрийн ордонд чуулдаг уламжлалтай болсон. Тэр үеэр эрхэм гишүүн Д.Арвин, С.Оюун, Д.Оюунхорол нарын нэг ийм уриалга гаргавал ямар вэ. Гэхдээ эрхэм гишүүд эхнэрээсээ гадна өөр бүсгүйчүүдтэй жиг ургуулдаг байх магадлалтай тул тэдэнд ч энэ уриалга хамаатайг бас мэдэгдэж таарах нь дээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж