
УИХ дахь Ардын намын бүлэг 46 биш, 45 гишүүнтэй болов. Парламент дахь сул гишүүдийн тоо ч нэгээр нэмэгдлээ. Иргэний зориг нам, Ногоон нам, бие даагч гэхчлэн өөр өөрсдийн статустай мөнөөх бүлэггүй гишүүд дээр МАХН-ын түр штабын ерөнхий зохицуулагч Ц.Шинэбаяр нэмэгдэх нь тэр. Хэдийгээр “Би Ардын намынхныг дагахгүй. МАХН-даа л үнэнч үлдэнэ. Тийм атал тэд “Чамд бодох хугацаа өгсөн шүү, нөхөр минь” гээд байх юм. Үгүй ээ, энэ чинь юу гэсэн үг вэ” хэмээн хэдэрлэж суусан эрхэм гишүүн ийнхүү Ардын намд дансгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Түүнийг нь УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан Д.Дэмбэрэлд уламжилж, спикер ч өнгөрсөн баасан гарагт хүсэлтийг хүлээн авчээ. Ардын намынхан ийнхүү Ц.Шинэбаяр гэдэг шинэ цагийн феодалаасаа салж санаа амрав. Тэр тусмаа УИХ-ын ээлжит сонгуулиудад МАХН хэмээгч улаан тугийг хамтдаа барьж, амбиц, ашиг сонирхлоо хамтдаа хуваалцаж байсан нөхрөөсөө шүү! Нам хэмээгч өнгөн талдаа итгэл үнэмшлээр нэгдсэн задаршгүй бүлэглэл мэт боловч ашиг сонирхлоор талцан хуваагдахдаа ийм амархан эд аж. Ардчилсан хүчнийхэн засгийн эрх барьж байх үед хөдөөгийнхөн буюу “Элсний 13” бүлэглэлийнхэн улстөрчдийн дунд “Хар муур гүйлгэх” ажиллагааг явуулж байсан бол 2007 онд УИХ-ын нэр бүхий 13 гишүүн М.Энхболдын тэргүүлж байсан Засгийн газрыг хөнгөхөн хөнтөрчихөж байсан. Харин одоо Ардын намынхан ийм нэгэн үзэгдэлтэй дахин тулгарсан нь МАХН-ын түр штаб хэмээгчээр нуувчаа хийсэн улстөрчид юм. Тус штабт Ардын намаас салан тусгаарлагчид болон УИХ-д суудалтай болж чадаагүй “жижиг” намууд, иргэний хөдөлгөөнүүд нэгдсэн нь хэдийнэ тодорхой болчихсон зүйл. Хэдийгээр Ардын намын бүлэг 45 гишүүнтэй болсон ч парламентад олонхийн хүчийг харуулсан хэвээр байна. Ц.Шинэбаяр намын бүлгээсээ гарсан нь тэдний хувьд хурууны өндөгнөөс өргөс сугалахтай л адил зүйл юм. Хэрэв Н.Энхбаярын талыг баримтлагчид болох УИХ-ын гишүүн Д.Арвин, Ч.Улаан нартай ийм реакци үүсгэсэн бол Ардын намд хохиролтой байж мэдэх байсан. Тиймээс тус намын удирдлага тэдгээр “Халуун цэг”-ийг анхааралдаа авч, XXVI их хурлын үеэр Удирдах зөвлөлд багтаасан нь санаандгүй хэрэг биш. “УИХ дахь Ардын намын бүлгийн 13 гишүүн намаасаа татгалзах гэж байна” гэсэн яриа ч түүний дараахан намжсан билээ.
Ардын нам 150 гаруй мянган гишүүнтэй. Харин МАХН-ын түр штабынхан тус намаас “зээлдэж” авсан хүмүүсээрээ хүчтэй байгаа мэт дүр эсгэж байна. Тэр тусмаа намын бус, штабын хэдэн гишүүн нь “Дарга нар аа, онц байдал бий боллоо. Онц их хурлаа яаралтай хуралдуулъя” гэж шаардаад байгаа юм байх. Тиймээс МАХН-ын түр штабынхан Ардын намынхныг 90 жилийн ойгоо тэмдэглэхээс өмнө бие халаалтын шинжтэй хэд, хэдэн операци явуулсны дараа буюу ирэх гуравдугаар сарын 1-нд МАХН-ыг нэн шинээр тунхаглан зарлах магадлалтай байгаа юм. Экс намынхандаа ингэж сюрприз барих төлөвлөгөө тэдэнд бий. Хуулийн өмнө хүчгүйдэж, Ардын намынхны хяналт дор хүч сульдаж байгаа ч МАХН-ын түр штабынхан дэггүйтсэн хэвээр байх аж. МАХН-тайгаа үлдэх марафон л штабынхныг цэнэглэж байгаа билээ.
Улс төрд олон БАЯР бий. Тэдгээрээс хоёр нь 90 жилийнхээ ойн босгон дээр нэр, үзэл баримтлалаа шинэчилж, маневр хийсэн МАХН-д бий. Цовдлуулан амиа алдсан нэгний өмнө Христэд итгэгчид наминчлан залбирдаг бол түр штабынхан Ардын намын хуучин нэрийг улс төрийн итгэл үнэмшлийнхээ хэрэгсэл болгосон мэт зохиомол дүр зургийг эсгэсээр даруй хоёр сар өнгөрчээ. Тэдний хувьд, Ардын намын 90 жилийн ой биш, УИХ-ын 2012 оны сонгууль онцгой содон үзэгдэл байх нь тодорхой. Учир нь тэр үеэр квот хувааж, улстөрчдийн өрсөлдөөн дундуур зүсч орох тактикийг хэрэглэх гэж байгаа нь нэгэнт ил болжээ. Ардын намынхан болон Ардчилсан намынхан үүнээс айхгүй байгаа ч аягүй байна. Тунхаг бичиг гаргаж, онц их хурал хуралдуулахаа зарлан эрдэмтдээр улс төрийн бодлогоо боловсруулуулж байгаа гэх мэт үйл явдлуудын цаана гуравдагч хүчний орон зайг эзлэх бодол тус штабынханд бий. Гэвч тэд “Олон нийтийн таамаглалыг эвдэхүйц операциудыг бид ойрын үед зохион байгуулна” хэмээн жуумалзаж байна. МАХН хэмээгч машин ийнхүү Ардын намынхантай гараа, бариа болгон дээр таарч явах хувьтай аж.
С.БАТТУЛГА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин