
“Тавантолгой-Сайншанд-Чойбалсан” чиглэлд баригдах эхний ээлжийн 1100 километр төмөр замын трасс батлагдсан. Энэ талаар Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зөвлөх, Хөрөнгө оруулалтын ажлын хэсгийн дарга Ч.Ганбаттай ярилцлаа.
-Эхний ээлжинд баригдах 1100 километр төмөр замын трасс батлагдлаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Засгийн газрын 283 дугаар тогтоолын дагуу “Тавантолгой-Сайншанд-Чойбалсан” чиглэлд шинээр баригдах төмөр замын трасс батлагдлаа. Энэхүү ажлыг Газрын харилцаа, барилга геодези, зураг зүйн газар гүйцэтгэсэн.
-Судалгаа хийхдээ юуг илүүтэй анхаарсан бэ?
-Ерөнхий чигийг нь төрөөс гаргасан. Эрдэс баялаг болон хүнд даацын тээвэрлэлтийг агуулах ёстой хэмээн заасан учир аль болох мурийлт багатай, шулуун төмөр зам барих тал дээр илүүтэй анхаарсан.
-Энэхүү трассыг төлөвлөхөд цаг хугацааны хувьд хэр байв?
-2009 оноос эхлээд Монголын шинээр баригдах төмөр замын урьдчилсан техник болон эдийн засгийн тооцоон дээр гаргасан. Гадна, дотны байгууллагуудын гаргасан трассуудыг газар дээр нь очиж нэгтгэсэн. Тухайлбал, Солонгосчуудын гаргасан трасс хүртэл байсан.
-Өнгөрсөн оны есдүгээр сард шинээр төмөр зам барихтай холбогдуулан урьдчилсан зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан. Энэ үеэр гадны томоохон компаниудын төлөөлөл оролцсон. Тиймээс хөрөнгө оруулалтын хувьд ямар нэгэн шийдэлд хүрсэн үү?
-Энэхүү уулзалтад шинээр баригдах төмөр замын талаар сонирхсон талууд оролцсон. Тухайлбал, солонгосчууд ихээр сонирхож байсан. Түүнчлэн, манайд болон Солонгост болсон дээд хэмжээний уулзалтаар сонирхож байгаагаа илэрхийлсэн. Мөн Оросын төмөр замынхан хүртэл тодорхой хэмжээгээр сонирхож байсан. Уулзалтын гол зорилго нь Монгол Улс төмөр замтай боллоо гэхэд хэр их сонирхогч байна вэ гэдгийг мэдэх байсан. Түүнчлэн, аль болох төрөөс бага мөнгө зарцуулахын зэрэгцээ төр, хувийн хувийн хэвшлийнхэн төмөр замын хөрөнгө оруулалтад яаж оролцох талаар концессын хуулиар зааж өгсөн байгаа.
-Тэгэхээр одоогийн байдлаар хөрөнгө оруулалт нь хараахан шийдэгдээгүй юм байна гэж ойлгож болох уу?
-Сонирхогч байгууллагууд байна. “Тавантолгойн” баруун хэсгийг олборлох, хамтарч хөрөнгө оруулалт хийх, боловсруулах үйлдвэр барих, эхний ээлжинд баригдах төмөр замыг барина гэсэн тендер байгаа байх гэж бодож байна. Тендерийн шалгаруулалт нь болоогүй байгаа.
-Шинээр баригдах төмөр замыг “Монголын төмөр зам компани” гүйцэтгэхээр болсон гэсэн?
-Концессын хуульд зааснаар шинээр баригдах төмөр замыг “Монголын төмөр зам компани”-д гүйцэтгэх эрхийг өгсөн.
-Эхний ээлжинд баригдах төмөр замыг хэдий хэр хугацаанд барьж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа вэ?
-Өнгөрөгч оноос эхлэх ёстой гэсэн даалгавар өгсөн. Гэхдээ тодорхой хэмжээний ажлууд 2010 онд хийгээд явсан байгаа. 2011 оны хоёрдугаар хагасаас барьж эхлэхээр зорьж байгаа. Мэдээж энэ нь хөрөнгө оруулалт болон техник технологийн үндэслэлээс хамаарч хоёр жилд барьж дуусгана гэсэн зорилттой байна.
-Энэхүү төмөр замыг барихад хэчнээн төгрөг хэрэгтэй вэ. Мэдээж эдийн засгийн урьчилсан тооцоо гарсан байх?
-Нэг километр замыг 2.5 сая ам.доллараар гэсэн урьдчилсан тооцоо гарсан байгаа. Тэгэхээр 1100 километр замаа 2.5 саядаа үржүүлвэл ойролцоогоор 2.7-3 тэрбум ам.доллар шаардлагатай.
-Тэгэхээр төмөр замыг барих боловсон хүчний хувьд?
-Урьдчилсан байдлаар Монголын үндэсний компаниудыг түлхүү оруулж, 100, 100 километрээр бариулах сонирхол байгаа. Ингэсээр цаг хугацааны хувьд ч хугацаандаа амжих тооцоо гарсан.
-Үндэсний эдгээр компаниудыг нэрлэж болох уу?
-Нэрлэх боломжгүй. Мэдээж тодорхой хэмжээний шалгуур байна байх.
Б.ПҮРЭВЖАВ
Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин