Дур булаам хар болон хромон дотортой янз бүрийн хувцас, гутал, бүс, малгайнууд. Үнэ нь 700 ам.доллараас дээшээ. Энэ бол Монголын Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн хажууд шинээр нээгдсэн “Emporio Armani”-гийн дэлгүүр.
Тэгээс доош температуртай байгаа Монголд эдгээр хувцсыг өмсөх дулаахан газар байна уу? Хүн амын гуравны нэг нь ядуурлын шугамаас доогуур төвшинд амьдарч байгаа монголчуудын хэн нь эндээс худалдаа хийх вэ? Дээгүүр зиндааны барууны брендийн дэлгүүрүүд Монголын зах зээлээс ашиг олох болно гэж тооцон салбараа нээсээр байна. Монгол урьд байгаагүй эрчтэй хөгжихийн ирмэг дээр байна. 2013 он гэхэд өмнө нь гар хүрээгүй, дэлхийн хамгийн том ордуудад багтаж тооцогдох ордууд ашиглагдаж эхэлснээр эдийн засагт нь хувьсал гарах болно. 2008 оны байдлаар өмнө нь Зөвлөлтийн дагуул улс байсан тус улсын ДНБ 5.3 тэрбум ам.доллар байсан. Ирэх арван жилд энэ хэмжээ гурав дахин өснө гэж тооцоолж байна. “Энэ бол бодит зүйл. Бидэнд дэлхийн төвшний ордууд байгаа” гэж Монголын Ашигт малтмал, эрчим хүчний яамны сайд Д.Зоригт ярьж байна.
Монголд байж болох бараг бүхий л эрдэс баялаг бий. Алт, зэс, нүүрс, уран, төмрийн хүдэр, газрын тос бүгд далайд гарцгүй энэ улсын газрын хөрсөнд бий. Гэхдээ үүнээс Өмнөговьд байгаа Оюутолгойн алт, зэсийн ордын ашиглалт эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг ярьж байна. Харьцуулбал тус орд нь АНУ-ын Манхаттан аралтай дүйцэхүйц том хэмжээтэй бөгөөд 60 жил олборлосон ч хүрнэ. Монголын Засгийн газар урт удаан хугацаанд яриа хэлэлцээ хийсний үр дүнд уурхайн 34 хувийг эзэмших болсон бөгөөд гэрээ байгуулсан “Ivanhoe Mines”, “Rio Tinto” компаниуд шинэ уурхай байгуулж, олборлох ажил хийх болно. Бусад ордуудыг тооцохгүйгээр зөвхөн энэ орд л гэхэд засгийн газарт маш их орлого оруулах болно. “Бидний тэргүүнд тавих салбар бол боловсрол, эрүүл мэнд, орон сууц, нийгмийн халамж. Уурхайн ажил аж үйлдвэржүүлэлтийн шинэ давалгаа эхлүүлснээр монголчуудын орчин цагийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж үйлдвэрлэх ур чадвар сайжрах болно” гэж сайд ярьж байна.
Тус улсад хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байгаа. Хүн амын гуравны нэг нь нүүдэлчин бөгөөд мал маллаж амь зуудаг. Одоо тус улсад зуд болоод байгаа бөгөөд зуны гангийн дараа тэсгим хүйтэн өвөл залгаж бэлчээргүй болоход зуд болдог.
Одоогийн байдлаар энэ өвөл дөрвөн сая мал үхээд байна. Малаа алдсан олон малчны хувьд төв бараадаж нүүх нь амьжиргаа залгуулах ганц сонголт. Өнгөрсөн зудаар 300 гаруй хонь, ямаа, үнээ, адуугаа зуданд алдсан өрх толгойлсон Цогбадрах хүүгийнхээ хамт хотод ирээд байгаа. Тэд хотын захад уламжлалт гэрт амьдарч байна. Түүнд байнгын ажил олдохгүй, түр зуурын барилгын ажил хийж байгаа бөгөөд нийгмийн халамжаар гол зогоож байна.
Уул уурхайн орлого амьдралыг нь өөрчилж, Монголыг чинээлэг орон болгоно гэдэгт тэр итгэхгүй байгаа. “Үүнд би эргэлзэж байгаа. Байгалийн баялгаа ухаалаг ашиглавал улс оронд хэрэгтэй нь мэдээж, гэсэн ч би улс төрчдөд үнэхээр эргэлзэж байна” гэж тэрбээр ярьж байна.
Энэ долоо хоногийн эхээр 5,000 гаруй хүн Улаанбаатарт жагсч 2008 оны сонгуулиар сонгогдсон улс төрчдөөс амлалтаа биелүүлэхийг шаардсан. Эрх барьж байгаа гол хоёр нам уул уурхайн орлогоос Монголын иргэн бүрд 1,000 орчим ам.доллар бэлнээр тараана гэж амалсан юм. Сөрөг хүчний парламентийн гишүүн С.Оюун улсад ингэж тараах боломж байхгүй гэж ярьж байгаа. “Энэ бол маш хариуцлагагүй бодлого. Монголд ядуурал их байгаа учраас ингэж санал авах нь амар байх. Үүний оронд ажлын байр, орлого бий болгож хүмүүсийн амьдралыг сайжруулах хэрэгтэй” гэж тэр ярьсан. Харин Д.Зоригт сайд Засгийн газар мөнгө тараах бодлоосоо ухраагүй гэж ярьж байна. “Сонгуулийн амлалтыг биелүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс манайх шиг залуу ардчилалтай улсад хүмүүс Засгийн газар болон улс төрийн намуудад итгэхээ болино. Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор манай эдийн засаг хямраад байгаа. Тиймээс үүнийг хэрэглээг өдөөж нэмэгдүүлэх нэг арга гэж үзэж болно” гэж ярьсан.
Мөнгө тараасан ч, тараагаагүй ч ойрын үед тэсгим хүйтэн өвлийн цаг уур монголын ядуу амьдарч байгаа иргэдийн тоо өсөхөд нөлөөлөх бололтой. Харин алс хэтдээ төрийн авдарт уул уурхайгаас тэрбум тэрбум доллар орж ирэх болно гэдгийг Монголчууд мэдэж байна. Харин Засгийн газар хэр ухаалаг зарцуулах вэ гэдэг сорилт бий.
Орчуулсан Т.Бадрах/