
Ийнхүү Дакарын нийлбэр дүнгээр Volkswagen хөлөглөсөн Карлос Сайнс тэргүүлж, Аль-Аттияа түүнээс ердөө нэг минут, 22 секундын алдагдалтай хоёрдугаарт бичигдээд байна. Өнгөрсөн жилийн раллид өдгөө 48 настай Сайнс түрүүлж, гурав дахь аваргын цомоо хүртэж байсан бол Аль-Аттияа раллигийн сүүлийн хэдэн гараанд биеийн байдлын улмаас таагүй амжилт үзүүлж, улмаар хоёрдугаар байрт шалгарч байлаа.
Өчигдөр болсон долоо дахь гараанд Сайнс, Аль-Аттияа нарын адилаар Volkswagen хөлөглөсөн Өмнөд Африкийн тамирчин Гиниэль де Вилльерс Сайнсаас хоёр минут, 56 секундээр хоцорч, гуравдугаарт бариалсан бол Дакар раллигийн мотоцикль болон суудлын машины төрөлд есөн удаа аваргалж байсан Францын Стефан Петерансель дөрөвт хурдалжээ.
Харин мотоциклийн ангилалд Чилийн Франциско Лопез манлайлж, анхны түрүүгээ авснаар ерөнхий дүнгээр гуравдугаар байрт бичигдээд байна. Харин хоёр ба гуравдугаар байрт Францын Сайриль Деспре, Испанийн Марк Кома нар бариалсан бөгөөд өдгөө мотоциклийн ангилалд Кома тэргүүлж, Деспре удаалж байна.
Дакар раллигийн найм дахь гараа өнөөдөр болох бөгөөд оролцогчид Чилийн өмнөд зүгийг чиглэн Антофагастайгаас Копьяпо хүртэл уралдана.
С.Цэлмэг