НҮБ: Хүнсний үнэ шинэ өндөрлөгт хүрсэн

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

НҮБ: Хүнсний үнэ шинэ өндөрлөгт хүрсэн

Дэлхийн хүнсний үнэ өнгөрөгч арванхоёр­дугаар сард шинэ өндөрлөгт хүрсэн тухай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдээлжээ. Судалгаанаас харахад Хүнсний үнийн индекс 2008 оны рекордоос ч даваад байна. Харин тухайн үед хүнсний үнээс болж Камерон, Гаити, Египет зэрэг олон оронд бослого дэгдэж байсан билээ. Есдүгээр сард Мозамбик улсад хүнсний үнээс болж олон нийтийг хамарсан бослого гарч байсан юм. Сахар, үр тариа болон газрын тосны үнийн өсөлт үүний гол шалтгаан байв. Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, сахар, үр тариа зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийг сар бүр харьцуулан гаргадаг тус индекс өнгөрсөн арванхоёрдугаар сард 214.7 пункт болсон нь өмнөх сарынхаас найман пунктээр, харин 2008 оны зургадугаар сарынхаас нэг пунктээр давсан байгаа юм.

Хэдийгээр үнэ хямралын үетэй ижил байгаа ч НҮБ-ын эдийн засагч Абдолреза Аббассиан 2007 болон 2008 оны бослогод өөр хүчин зүйлс байсан гэв. Түүний хэлснээр буурай орнуудад хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлт буурч байсан бол одоогоор ийм байдал үүсээгүй байна. Гэхдээ цаг уурын байдлаас болж үр тарианы үнэ өсөх нь тодорхой юм. Дэлхийн улаанбуудайн хангамжийн 11 хувийг эзэлдэг ОХУ-д ган болж, үүнээс улбаалан экспортыг зогсоосноос болж улаанбуудайн үнэ огцом өсөөд байгаа. Нийлүүлэлтээр ОХУ-тай тэнцүү Австралид болж буй үерийн аюул мөн байдалд муугаар нөлөөлж байна. Шишийн үнэ мөн өсч байгаа нь АНУ зэрэг орнуудын био-түлш үйлдвэрлэх ажил эрчимжиж буйтай холбоотой. Дэлхийн хэмжээнд шишийн хангамжаар хоёрдугаарт бичигддэг Аргентинд мөн ган болсон нь үнэд нөлөөлжээ.

Ерөнхийд нь авч үзвэл хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн арван жилийн дотор 80 хувиар өсөөд байна. Шинжээчдийн хэлснээр цаг уурын нөхцөл, хүн амын тоо нэмэгдэж байгаа болон био-түлшний хэрэгцээ өсч байгаа нь нийлүүлэлт эрэлтийг хангаж чадахгүй болгож байгаа юм.

Хүнсний үнэ Энэтхэг улсад асар хурдацтай өсч байна. Жилийн дотор 18 хувиар өссөн нь нэг салбарын доргилт эдийн засагт хүчтэй нөлөөлж байгааг харуулж байгаа юм. Тус улсад хүнсний инфляци үүсээд байгаа нь дэлхийн зах зээлд улаан буудайн үнийг рекорд тогтооход ойртуулсантай ижил шалтгаантай.

“Жимс худалдаж авна гэдэг чинээлэг хүмүүсийн л хийх зүйл болоод байна. Ихэнхи иргэд банан, жүржээс илүүтэй мөнгөө нэг орой хоол хийх хүнсний ногоо худалдан авахад зарцуулж байна. Ядуусыг дурьдаад ч хэрэггүй биз. Борлуулалт муудаж байгаа энэ үед би ч хаягдал гарахаас сэрэмжилж, бага хэмжээний жимс авч байна” гэж Энэтхэгийн жимс худалдаалагч хэлжээ.

Тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн яам пүрэв гаригт мэдэгдэл хийж, хүнсний үнэ арванхоёрдугаар сарын 25 хүртэлх нэг долоо хоногийн хэмжээнд өмнөх оны мөн үеэс 18,32 хувиар өснө гэсэн тооцоо гаргасан тухай хэлжээ. Хэдийгээр энэ нь 2009 онд 20 хувь байсан инфляцийн төвшнөөс бага байгаа ч цаашид үнийн өсөлт гол асуудал болох болно гэж эрх баригчид үзэж байгаа.

Олон улсын валютын сан мөн өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Энэтхэгийн төв банкийг мөнгөний бодлогоо өөрчлөхгүйгээр, инфляцийг бууруулахын тулд хүүгийн төвшинг нэмэгдүүлэхийг зөвлөж байгаа юм. Хамгийн сүүлийн хүнсний инфляцид хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл нь сонгины үнийн өсөлт байв. Оны өмнөхөн сонгины үнэ бараг хоёр дахин нэмэгдсэн байгаа. Үнийн өсөлтийг зогсоохын тулд Засгийн газраас сонгины импортын албан татварыг тэглэх шийдвэр гаргасан юм. Төрийн албан тушаалтны хэлснээр таван хувь байсан гаалийн татварыг зогсоож байгаа нь хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлж, улмаар үнийг бууруулах зорилготой аж.
Өнгөрсөн долоо хоногт нэг килограм сонгино 35 рупи байсан бол одоо 85 рупи болж өсчээ. Сонгино тариалдаг бүсүүдэд их хэмжээний бороо орсон нь Энэтхэг улсын хүнсний гол бүтээгдэхүүн болох ургацад муугаар нөлөөлж байгаа аж. Даваа гаригийн мэдээллээс харахад Засгийн газар хэдийн сонгины экспортыг зогсоосон байна. Хориг нэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх юм.

Одоогоор Энэтхэг улс Пакистанаас улсаас сонгино импортолж эхэлсэн байна. Хамгийн сүүлд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 2004 онд гарч байсан бөгөөд тухайн үед олон нийтийг хамарсан бослого болж байсан юм.
“Их-20”-ийг тэргүүлж байгаа Францын Ерөнхийлөгч Николя Саркози энэ онд хүнсний үнэ дэлхийн хамгийн гол асуудал болно гэж мэдээлэв. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсч, дэлхийн хэмжээний арга хэмжээ авахгүй бол буурай орнуудын иргэд тэжээллэг хүнс хэрэглэж чадахгүй бөгөөд үүнээс болж улс гүрний хөгжилд ч саад учруулж болох талтай. “Их-20” ч хүнсийг анхаарлын голд авах нь зүйтэй гэж санал нэгдэж байна. Энэ дагуу дараах зорилтуудыг тавьжээ. Үүнд:

  • Үр тарианы хуримтлалын хэмжээ, чанарын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод болгох,
  • Илүү өргөн хүрээг хамарсан цаг уурын урьдчилсан төлвийг гаргах, тэр тусмаа Африкт,
  • Олон улсын зах зээлийн үнэ болон буурай орнуудын дотоодын зах зээлийн үнийн хоорондын уялдааг илүү судлах,
  • Хямралд нэрвэгдсэн, дэд бүтэц муутай бүсүүдэд хүмүүнлэгийн нөөц бүрдүүлэх,
  • Экспортын хоригоос хүмүүнлэгийн зориулалттай хүнсний тусламжийн бүтээгдэхүүнийг хасах дүрэм батлах,
  • Экспортын хориг, үнийн хөөрөгдлийн эсрэг дэмжлэгийг улсуудад олгох,
  • Бага хэмжээний тариаланчдын оролцоог нэмэгдүүлж, нийгэм дэх хүнсний аюулыг даван туулахад туслах гэх мэт зүйл багтжээ.

Ямартай ч хүнсний хямралыг даван туулах, түүнээс сэргийлэх хамгийн зөв шийдэл бол зах зээлийг хаах бус, илүү сайн ашиглах явдал юм. Буурай орнуудын хүчин чадлыг нэмэгдүүлснээр дэлхийг тэжээллэг хүнсээр хангах илүү хялбар болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж