Б.Баттогтох: Хүсэл зорилго нэгд байсан

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Б.Баттогтох: Хүсэл зорилго нэгд байсан

Монгол Улс уламжлалт мал аж ахуйн орон хэдий ч малын эмийн ганц үйлдвэртэйгээр далаад жил явж ирсэн түүхийг өөрчилсөн, мал эмнэлгийн салбарын хөгжилд сэтгэл, зүрхээ зориулж яваа хүмүүсийн нэг бол Б.Баттогтох юм. Тэрбээр Монголд анх удаа малын эмийн үндэсний үйлдвэрийг байгуулж, шинэ салбарын түүхийг эхлүүлсэн. Чадварлаг мэргэжилтэн, оюуны хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө оруулалтыг асар ихээр шаарддаг шинжлэх ухааны үйлдвэрлэлийг бизнес болгож чадсан энэ бүсгүй мал эмнэлгийн салбарт анагаахаас урваж ирсэн гэдэг. Мал эмнэлэг, эмийн үйлдвэрлэлийн салбарын одоо, ирээдүйн хөгжлийн талаар түүнтэй ярилцлаа.

-Таныг мал эмнэлгийн салбарт анхны малын эмийн үндэсний үйлдвэрийг байгуулж ажилласнаар тань хүмүүс мэддэг. Харин одоо энэ үйлдвэрээ удирдахгүй байгаа гэсэн. Хаана, ямар ажил хийгээд завгүй явна вэ?

-Ор байхгүй зүйл дээр шинийг бий болгож, бас ч үгүй амжилттай удирдаж арав гаруй жил ажилласан байна. Энэ хугацаанд үйлдвэр маань барилга байшин, тоног төхөөрөмж, мэргэжилтэн, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, зах зээлд эзлэх байр суурь гээд бүхий л талаараа шаардлагатай төвшинд хүрч чадсан. Одоо цааш нь залуучууд авч явах ёстой. Гадаад, дотоодод сургууль төгсч, нарийн мэргэжил, мэргэшил эзэмшиж ирсэн залуучуудад үйлдвэрийн удирдлагын ажлаа шилжүүлэн өгсөн. Би энэ салбартаа арай өөр чиглэлээр ажиллаж эхэлсэн.

-Таны удирдаж байсан “Цагаан залаа” компани байгуулагдах хүртэл Монголд Биокомбинатаас өөр малын эмийн үйлдвэр байгаагүй. Одоо ч тийм олон үйлдвэр алга. Уг нь манайх мал аж ахуйн орон шүү дээ.
 

– Тийм ээ. Малын паразитийн эсрэг эм бэлдмэл үйлдвэрлэдэг нэг ч үйлдвэр байгаагүй. Жишээлбэл, малын шимэгч хорхойн туулгын эм бэлдмэлийг гэхэд Унгар улсаас нэг литрийг нь одоогийн ханшаар 20-25 мянган төгрөгөөр, мөн “Ивомек” нэрээр малчдын танил болсон малын гадна, дотно шимэгчдийн эсрэг тариаг одоогийн ханшаар 120000 төгрөгөөр худалдаж авдаг байлаа. Мэдээж тийм өндөр үнэтэй эм бэлдмэлийг гадаадаас үргэлж худалдаж авах боломжгүй. Үүнээс үүдээд нийт мал сүргийн дөнгөж 10-15 хувьд л тарилга, туулгалт хийдэг байсан юм.
Харин бид паразитийн эмийн үндэсний үйлдвэр байгуулснаар 1 л туулгын бэлдмэлийг 10000 төгрөг, тариаг 50000 төгрөг болгож чадсан. Үндэсний үйлдвэртэй болсноор малын эмч нар маань эмээ зээлээр авч, цаг хугацаанд нь мал эмнэлгийн ажил, үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон. Ингэснээр мал сүргийг тарилга, туулгалтанд хамруулах ажил өргөн цар хүрээтэй хийгдэх болж нийт мал сүргийн 50-60 хувь нь паразитийн эсрэг арга хэмжээнд хамрагддаг болсон байна. Энэ чинь эцсийн дүндээ эдийн засгийн үр өгөөжөөр хэмжигдэх асуудал. Шимэгчээс салсан мал тарга тэвээрэг сайн авна. Үүнийг дагаад мах, сүүний гарц сайжирна, онд оролт нэмэгдэнэ. Нөгөө талаас шимэгч хорхойн эсрэг эм бэлдмэлийг өндөр үнээр гадаадаас авч байсан улсын төсөв бүрэн чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн нуруун дээрээ үүрч байсан ачааг хувийн хэвшлийнхэн шийдэж чадсан юм.

-Тэгэхээр бидэнд нөөц бололцоо, чадамж нь байсан байна шүү дээ. Гэтэл яагаад малын эмийн цор ганц биоүйлдвэртэй, эм бэлдмэлээ гаднаас авдаг байдлаар тэр олон жил явж ирсэн юм бол. Өөр үйлдвэр байгуулах хэрэгцээ шаардлага уг нь байсан байх?

-Хэрэгцээ шаардлага бол байсан. Гэтэл яагаад үйлдвэр нэмж байгуулаагүйн гол шалтгаан нь Монголд шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил сул хөгжсөнтэй холбоотой байх. Нөгөө талаас гэвэл улсын төсвөөс мөнгө гаргаж, гадаадаас өндөр үнэтэй эм, тариа авч малдаа хийчихээд явж байгаагаа болж байна гэж бодоод явсантай холбоотой. Зах зээлд оронгуут төсөв байхгүй болсон, байнга тийм өндөр үнэтэй эм аваад байх боломж нэн хомсдсон л доо. Зохион байгуулалттай, бэлэн зэлэн эм тариа өгч байдаг бүх зүйл задран унасан.юм. “Май, малдаа хий” гээд улсаас өгдөг байсан бүх юм алга болохоор үндэсний мэргэжилтнүүд маань хөдөлгөөнд орж эхэлсэн. Бид өөрсдөө тэр бүхнийг дотооддоо хийж болохгүй юу гэж. Ерөөсөө үндэсний үйлдвэр байх ёстой юм байна, өөрсдөө хийж чадах юм байна гэж хэсэг эрдэмтэд маань зориглон хөдөлсний үр дүнд энэ үйлдвэр маань бий болсон юм.

-Эмийн үйлдвэрлэл гэдэг бараа, бүтээгдэхүүн хийхээс маш нарийн процесс. Яагаад гэвэл энэ бол шинжлэх ухааны үйлдвэрлэл. Тэр тусмаа үүнээс ашиг олно гэж бодох амаргүй байсан байх?

-Үнэхээр шинийг хийх хүсэл, эрмэлзэл л үйлдвэр байгуулах зам руу хөтөлсөн. Монголын эрдэмтэд, судлаач, мэргэжилтнүүдийн маань чин хүсэл л үйлдвэр байгуулах ажилд татан оролцуулсан юм. Нөгөө талаар ийм үйлдвэр зайлшгүй байгуулах шаардлага, хэрэгцээ маш өндөр байсан. Энэ хэрэгтэй, үүнийг хийе, бүтээе, бид чадна гэсэн өөдрөг тэмүүлэл, чин сэтгэл нэгдүгээрт байсан. Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийхэд үр дүн нь ирдэг. Бизнесийн утга нь харин хоёрдугаарт байсан шүү.

-Үйлдвэр байгуулна гэдэг өндөр зардал, бас эрсдэл. Та бүхэнд хүсэл, зоригоос өөр зүйл юу байв?

-Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бид өөрсдийн төслөө бичиж шалгараад 1997 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжөө Хятадаас оруулж суурилуулж эхэлсэн юм. Тоног төхөөрөмжөө суурилуулах, эхний ээлжийн боловсон хүчнээ сургах, судалгаа шинжилгээний ажлаа бүрэн дуусгах, техник, технологийн бичиг баримтуудыг баталгаажуулах гэх мэтчилэн бэлтгэл ажлуудыг хийж дуусгах гэсээр байтал 1999 онтой золгосон. Тэгээд 2000 оноос л үйлдвэрлэлээ жинхэнэ утгаар нь эхлүүлсэн дээ. Хэдийгээр хөнгөлөлттэй нөхцөлтэй байсан боловч Хятадын тал зээлээ өгөхдөө бидэнд бэлэн мөнгө биш тоног төхөөрөмжөө л нийлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө тоног төхөөрөмжийн үйлдвэрт мөнгийг нь шилжүүлж, өөрийн үйлдвэрлэгчдийг дэмжсэн, тэдний тоног төхөөрөмжийг борлуулахад чиглэгдсэн бодлогын чанартай зээл байсан. Гэхдээ л бид анх үйлдвэрлэлээ хөнгөлөлттэй зээлийн энэ хүрээнд эхлүүлж, түүнийгээ ч эргүүлэн бүрэн төлж барагдуулсан. Монгол мал аж ахуйн орон хэрнээ малын эмийн үйлдвэргүй, бүх эм бэлдмэлийг гадаадаас өндөр үнээр авдаг нөхцөл байдал нь монгол улсад нэн хохиролтой гэдэг үндэслэлээр төсөл бичиж шалгаруулалтад орж байж хөнгөлөлттэй зээлийг авч байлаа.

– Та сая яриан дундаа нэг зүйл дурдаад өнгөрлөө. Аливаа улс орон өөрийн үйлдвэрлэгчдээ бодлогоор хэрхэн дэмждэгийн жишээг цухас дурдчихлаа. Харин Монголын төр засаг үйлдвэрлэгчдээ хэрхэн дэмжиж ирсэн бэ гэж асуувал сайхан хариулт олдохгүй байх аа даа?

-Уг нь Монголд урьд өмнө байгаагүй эмийн үйлдвэр байгуулна гэдэг ач холбогдлын хувьд асар үнэ цэнтэй зүйл байлаа. Бид импортыг орлох эмийг үйлдвэрлэн гадагшаа гарч байгаа валютын урсгалыг хааж, үндэсний эм бэлдмэлээр дотоодын хэрэгцээгээ хангадаг болох нь хамгийн чухал байсан юм.
 Бэрхшээл байсан уу гэвэл байлгүй яахав. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин шинээр эхэлж байгаа үйлдвэрлэлд үгүйлэгдэж байлаа. Эмийн үйлдвэрлэл гэдэг гаднаас бараа оруулж ирээд зарахаас их өөр л дөө. Тэр тусмаа шинжлэх ухааны үйлдвэрлэл гэдэг өндөр өртөг, цаг хугацаа, оюуны асар их хөрөнгө оруулалтыг шаарддаг. Чадварлаг боловсон хүчнээ бэлтгэхгүйгээр ийм үйлдвэрлэл цаашаа явдаггүй. Би өнөөдөр ургамлын тос оруулж ирээд зардаг бизнес хийлээ гэхэд надад оюуны өндөр чадвартай боловсон хүчин шаардлагагүй.

Тэгтэл манай банк, санхүү, хууль эрх зүйн орчин нь худалдааны бизнес, үйлдвэрлэлийн бизнес хоёрыг яг ижил төвшинд тавьж үздэг. Уг нь үйлдвэрлэлийн бизнесээ эрх зүйн арай өөр орчинд авч үзэж, хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл, татварын хөнгөлөлт үзүүлээд дэмжээд явсан бол өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголд ганц манайх биш маш олон үйлдвэр хөгжөөд хөл дээрээ зогсчихсон байх байсан гэж боддог шүү. Өнөөдөр бүх эрсдэлийг өөрөө даагаад явж байгаа манай бизнес эрхлэгчид үнэхээр зоригтой, чин сэтгэлтэй байгаа юм. Тийм өндөр хүүтэй мөнгөөр ийм богино хугацаанд шинжлэх ухаанд суурилсан бизнес хийхэд юу ч үлддэггүй л байхгүй юу даа. Зүгээр л банкны үйлдвэр юм шиг, банкинд л хүү төлөхийн тулд бизнес хийж байгаа юм шиг л байдаг. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн бол өнөөдөр улс орны хөгжил дээшээ нэг, хоёр шат илүү ахичих боломж байсан. Гэтэл тэгээгүй.  Яг ингээд харахад худалдааны бизнес, үйлдвэрлэлийн бизнесийг нэг зэрэг эхэлж байсан хоёр хүнийг харьцуулах юм бол худалдааны бизнес эрхлэгч нь мөнгөн хуримтлалаараа илүү хол явчихсан байгаа. Би ийм жишээ олныг мэднэ. Шинжлэх ухаанд түшиглэсэн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүнд худалдааны бизнесийнхэн шиг боломж хомс. Маш өндөр зардал гаргадаг. Олсон мөнгөө  тоног төхөөрөмжөө шинэчлэх, технологоо сайжруулах, боловсон хүчнээ бэлтгэх, эмийн шинжилгээ, судалгааны лаборатори байгуулах зэргээр буцаагаад өөртөө шингээж байдаг.  Мөн түүхий эдээ татна, туршилт сорилт явуулах гээд энэ бүхэн асар их зардал.
Монголд эм үйлдвэрлэхэд бүх түүхий эдээ импортоор авч байна. Бүх сав баглаа боодлоо мөн гадаадаас авдаг. Хаягаа хүртэл импортоор авдаг. Төрийн бодлого, зохицуулалтын төвшинд үйлдвэрлэл гэдэг зүйлийг цогцоор нь шийдсэн бол арай өөр байх байсан. Салбар бүрт үйлдвэр хөгжсөн байсан бол сав баглаа боодлыг маань хүртэл хэн нэгэн нь эндээ хямдхан үйлдвэрлээд өгч байгаа шүү дээ. Зээлээр, татвараар, төрийн бодлогоор дэмжээд өгсөн бол өөр өөрийн салбарт үндэсний үйлдвэр байгуулаад аваад явчих чадвартай мэргэжилтнүүд Монголд олон бий гэж боддог. 

-Малын эмийн технологийг хүртэл манайхан өөрсдөө боловсруулсан гэдэг. Тэдгээр эрдэмтдийн нэг нь та. Та өөрийнхөө гаргасан шинэ эмээр докторын зэрэг хамгаалсан гэдэг байх аа?

-Тийм ээ, бүх технологио манай эрдэмтэд өөрсдөө боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм.  Бид малын эмийн технологи боловсруулахаар  ерээд оны дунд үеэс ажиллаж эхэлсэн л дээ. Ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Орос, Хятад, Унгарын үйлдвэрүүдийн материалуудыг олж, дүн шинжилгээ хийж технологоо туршиж сорьж эхэлсэн л дээ. Тэгээд өөрийн орны технологийг шинээр буй болгосон юм. Технологийн шийдэл ерөнхийдөө гурван янз байдаг. Технологийг шинээр бүтээж болно, худалдаж авч болно. Өөрчилж болно. Өөрчлөлт хийгээд Монголд сууришуулж болно гэсэн үг. Ер нь үйлдвэр аль аль талаар нь ажиллаж байх ёстой. Монгол бэлчээрийн малд 180 гаруй төрөл зүйлийн дотоод шимэгч байдаг. Малын дотор шимэгчдийг туулгах эмийг гэхэд л гадаадаас өндөр үнээр авдаг байсныг би дээр хэлсэн. Миний хувьд малын цагаан хорхойн туулгалтын эмийн технологиор мал эмнэлгийн  ухааны докторын зэргийг  2008 онд хамгаалсан. Энэ ажлын маань үр дүн түүнээс өмнө үйлдвэрлэлд нэвтэрчихсэн, үр дүнгээ өгөөд эхэлчихсэн байсан юм. Эрдмийн зэргээ харьцангуй хожуу хамгаалсан хэрэг л дээ. Одоо бол миний үйлдвэрлэх технологийг нь буй болгосон цагаан хорхойн туулгалтын эмийг манай малын эмч нар гар дээрээ бариад явж байна. Практикт үр дүнгээ өгсөн, малын эмч нарын маань ажилдаа хэрэглэх дуртай бэлдмэл болсонд нь сэтгэл хангалуун байдаг.

-Монголчууд бид нэг хэсэг малын тоо толгойд анхаарлаа хандуулж ирсэн. Харин одооноос л эрүүл мэнд, чанар чансаа, ашиг шимийг нь анхаарч эхэлж байх шиг. Мэргэжилтний хувьд та энэ талаар юу хэлэх бол?

-Монгол орон цаашид ч нэг хэсэгтээ л мал аж ахуйн орон хэвээрээ байх болно гэдэгт итгэлтэй байдаг. Манай орны хөгжлийн гол тулгууруудын нэг нь яах аргагүй мал аж ахуйгаа бодлоготойгоор зөв хөгжүүлэх явдал юм. Энэ бол газрын баялагтай адилхан гарц нь дуусдаг зүйл биш. Тэгэхээр монгол малын таваарлаг чанарт анхаарах, тэнд ажиллаж байгаа 180 гаруй мянган малчид, малын эмч нарыг сургах, гэгээрүүлэх, нийгмийн асуудлыг нь хамтад нь цогцоор нь авч үзэх ёстой гэж боддог. Саяхан “Монгол мал” хөтөлбөрийг баталж, энэ асуудлыг их зөв тусгасан байна лээ.  Мал сүрэг нь эрүүл байж, монгол хүн эрүүл хүнс хэрэглэнэ. Мал сүрэг бол зөвхөн малчдын өмч хөрөнгө, амьжиргаа биш. Энэ бол монголчуудын уламжлалт хоол хүнс, стратегийн асуудал, зөв бодлоготойгоор энэ салбарыг хөгжүүлэх юм бол бизнесийн маш том боломж, шавхагдашгүй баялаг юм. Биднийг анх эмийн үйлдвэрээ байгуулж байхад Монгол орны гурван сая үхрийн 47 хувь нь гууртах өвчнөөр өвчилсөн байлаа. Өнөөдөр үхрийн гуур бүрэн алга болж эрүүлжээд байна. Нийт малынх нь 50 хувь нь шимэгч хорхойнд бариулчихсан байсан бол  гурван жилийн өмнө энэ тоо 6,3 хувь болтлоо буурсан юм. Өнөөдөр мал сүрэг паразиттах өвчнөөс бүрэн эрүүлжиж байгаа гэж хэлж болно. Энэ нь үндэсний үйлдвэр байгуулсны ашиг тус шууд харагдаж байгаагийн илрэл юм.

-Уг нь таны мэргэжил хүний их эмч. Анагаахын дунд сургуульд микробиологоор багшилж байсан хүн мал аж ахуйн салбарт гэнэт ороод ирэхэд юу бодогдож байсан бэ. Их өөр орчин угтсан байх?

-Огт өөр салбарт ороод ирлээ гэх сэтгэгдэл төрөөгүй. Учир нь хүний эмч ч, малын эмч ч аль аль нь биологийн шинжлэх ухаан, тэр тусмаа дархлаа судлалын ухааны нэг зарчим, нэг зүй тогтол дээр үндэслэгддэг мэргэжил юм. Энэ утгаараа хоорондоо хамгийн амархан хөрвөж чаддаг мэргэжил  гэдэг шүү дээ.  Ялангуяа эм үйлдвэрлэлийн технологи, түүнд тавигдах стандарт шаардлагууд нь хүн эмнэлэг, мал эмнэлэг хоёрт ямарч ялгаа байхгүй.. Энгийн нэг жишээ хэлэхэд, өвчин намдаах зориулалттай анальгин гэдэг эм байдаг шүү дээ. Энэ нь эмийн хувьд хүний анальгин, малын анальгин гэж хаана ч байдаггүй. Харин хүн болон малд олгох тун нь өөр өөр байдагт л гол ялгаа бий. Түүнээс малын эм үйлдвэрлэх технологи, хүний эм үйлдвэрлэх технологи гэж хоёр өөр зүйл байхгүй. Эм үйлдвэрлэлийн технологийн нэг л зарчим байдаг.

Тэгээд бас энэ салбарын эрдэмтэдтэй хэл амаа ололцоод, эмийн үйлдвэр удирдаад өдий зэрэгт хүрэхэд миний мэргэжил их тус болсон байхаа. Угаасаа манай анагаах ухааны их сургууль хүнийг оюун ухаанаа хөгжүүлж, ажиллуулж  сургадаг. Бас орос хэлийг сайтар  эзэмшүүлсэн, хүнтэй ойлголцож сургасан, маш их ачаалал дааж сургасан даа. Энэ бол миний анагаах ухааны их сургууль төгссөний ач тус. Би төгссөн сургуулиараа үнэхээр бахархдаг. Бидний үед 10-р ангийг онц төгсөж, уралдаант шалгалтанд түрүүлж байж л анагаахын дээдэд элсдэг байлаа шүү дээ. Харин одоо бол өөрийгөө хүний эмч гэж ерөөсөө бодохоо байчихаж. Аргагүй байх аа. Би энэ салбарт амьдралынхаа 14-15 жилийг зориулсан. Бүр  зориулах шиг зориулж үр бүтээлтэй ажилласан гэж боддог шүү.
Гэхдээ эхэндээ хэцүү, бэрхшээлтэй юм маш их байсан. Ерөөсөө л огт байхгүй юмыг бий болгож байгаа хүмүүст чинь аргагүй шүү дээ. Бүхнийг сурах мэдэх, мэддэг чаддаг хүнийг нь олох, уулзах… Энэ бүхнийг давж байж л үр дүнд хүрнэ шүү дээ. Маш их бэрхшээл туулсан ч шантарч байгаагүй. Гэхдээ мэддэг зүйл ч багагүй байсан. Анагаахын эм зүйн багш нар дээрээ очиж уулзаж технологийн норматив бичиг баримт боловсруулах, тэдгээрийг хөтлөх, бүртгэх, хянах зэрэг олон зүйл дээр заавар зөвлөгөө авдаг байлаа. Малын эмийн өөр үйлдвэр байхгүй байсан болохоор жишээ аваад суралцах боломж байхгүй байсан. Гэхдээ бид малын эмийн үйлдвэрийн бичиг баримтын бүрдүүлэлт, хөтлөлт, хяналтыг хүн эмнэлгийн эмийн үйлдвэрүүдийн төвшинд хүргэж чадсан юм.

-Тэгэхээр та бүхний ажлыг нэг үйлдвэр байгуулсан төдий биш шинэ салбарыг Монголд үүсгэж, хөгжлийн эхийг нь тавьсан гэж хэлбэл илүү онох ёстой байх. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт бий болгосон ололт амжилт, алдаа оноогоо цэгнэж үздэг л байж таарна. Юу харагддаг бол?

-Анх хэсэг эрдэмтэдтэй нийлээд энэ салбар руу орж байсан үеэ эргээд харахад хэд хэдэн асуудлыг шийдсэн байна л даа. Нэгдүгээрт; паразитын эмийн анхны үндэсний үйлдвэрийг байгуулжээ.  Хоёрдугаарт; үйлдвэрлэсэн эм бэлдмэл маань хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан, малын эмч, малчдын танил бүтээгдэхүүн болж чаджээ. Гуравдугаарт; манай эрдэмтэд үүгээрээ ном сурах бичиг бичиж оюутан, эрдэм шинжилгээний ажилтан , ер нь биологийн салбарынханд барьж үзэх тулгуур мэдлэгийг буй болгож өгчээ. Дөрөвдүгээрт, мал эмнэлгийн салбарт эмийн үйлдвэрлэл, паразитийн эмийн чиглэлийн  нэгэн үеийн шинэ боловсон хүчнүүдийг бэлтгэж чадсан байна.
Ялангуяа бид мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэшүүлэх оюуны хөрөнгө оруулалтад өндөр ач холбогдол өгч ажилласан юм. Бидний Япон, Хятад, ОХУ-д сургаж бэлтгэсэн мэргэжилтнүүд Монгол Улсын оюуны өмч. Эргээд энэ нь Монгол орны хөгжилд л хэрэгтэй. Нэг компани сургаж бэлтгэсэн болохоор нэг компанийн өмч гэж ойлгож болохгүй. Энэ үйлдвэр ч өөрөө улсын капитал. Бидний урд  нэг л эрх ашиг байгаа. Тэр нь Монгол Улсын эрх ашиг.

-Та судалгаа шинжилгээний ажилтан, үйлдвэрлэлийн менежер, удирдагчийн аль талаас нь өөрийгөө илүү олж хардаг бол. Миний хувьд шинжлэх ухаантай холбоотой үйлдвэрлэлийг удирдаж байгаа хүнийг зөвхөн бизнесмэн гэж хэлж чадахгүй. Мөн ийм бизнесийг удирдаж яваа хүнийг зөвхөн эрдэмтэн гэж хэлж чадахгүй. Тийм болохоороо ингэж асуулаа.

-Би өөрийгөө ярихдаа жаахан дургүй. Гэхдээ би бол бизнесмэн хүн биш. Юмыг үргэлж мөнгө талаас нь харж чаддаггүй. Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэл удирдаж яваа хүн судалгаа, шинжилгээ, технологи, тэдгээрийн хөгжил дэвшлийн талаар маш нарийн ойлголт, мэдлэгтэй байхгүй бол эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдтэйгээ ойлголцож, ирээдүйгээ харж чадахгүй. Нөгөө талаар байгууллага удирдах, хүмүүстэй ажиллах, үйл ажиллагаагаа амжилтанд хүргэх, шийдвэр гаргах гэх зэргээр зохих ёсны удирдлагын чадварыг эзэмшсэн байх ёстой. Энэ үүднээс би Удирдлагын хөгжлийн академийн бизнес удирдлагын анги, “Глобал удирдагч” институтын Топ менежерүүдийн VIP хөтөлбөрт суралцаж дүүргэсэн маань их тус болдог.
Магадгүй, яг миний натур бол шинжлэх ухаан, судалгааны хүн байхад илүү тохирох байсан байх. Хувь хүний маань хувьд надад шинжлэх ухааны салбарт дагнаж ажиллах боломж байгаагүй. Харин мал эмнэлгийн салбарын олон сайхан оюунлаг хүмүүс, эрдэмтдийн хүчинд энэ салбар руу татагдан орж, энэ салбартаа, үйлдвэрлэлдээ сэтгэлээ өгч, амьдралынхаа арав гаруй жилийг зориулсан болохоор хайртай. Энэ салбарт дахиад илүүг хийх юм сан, шийдэгдээгүй байгаа олон асуудлыг нь чаддаг хүмүүстэй нь хамтраад шийдчих юм сан гэж л бодож явдаг хүн. Би мал эмнэлгийн салбарт орж ажилласнаараа, анхны үндэсний үйлдвэрийг бий болгосноороо, мал эмнэлгийн салбарын сор болсон эрдэмтдийг компанидаа урьж ажиллуулснаараа Монгол Улсад оюуны багагүй хөрөнгө оруулалт хийсэн гэж боддог. Үйлдвэр бий болно гэдэг өөрөө том зүйл. Эмийн үйлдвэр гэдгийн ард салшгүй хамт явж байдаг зүйл нь оюуны хөрөнгө оруулалт буюу шинжлэх ухаан. Шинжлэх ухаангүйгээр эм үйлдвэрлэнэ гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр үйлдвэрлэл, шинжлэх ухаан хоёрыг хослуулан бодитой ажил хэрэг болгож, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог амьд байлгаж чадсанаараа амжилтаа тодорхойлдог. Гэхдээ энэ бол манай салбарын эрдэмтэд бидний хамтын бүтээл юм.

-Энэ салбарын хөгжлийн ирээдүйг та хэнээс ч илүү бодитой төсөөлж чадахаар туршлага хуримтлуулсан хүн. Ойрын ирээдүйд энэ салбарт ямар хөгжил, дэвшил бий болох бол?

-Монгол Улс малын эмийн үйлдвэрлэлийн салбартаа дэлхийн төвшингөөс хоцрохгүй байх боломжтой гэж үздэг хүн л дээ би. Бүр чадвал мөр зэрэгцэх ёстой. Бага зэрэг дэмжээд өгчихвөл болохгүй юм ерөөсөө байхгүй шүү дээ. Эрдэмтэн мэргэжилтнүүдийг нь дэмжих хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Улсын болон хувийн үйлдвэрийнхэн юу хийж, ямар цар хүрээнд ажиллаж байна?, юуг Монголд аваад явж чадаж байна гэдгээр нь харьцуулж үзэж асуудалд хандах ёстой. Зөв сэтгэлгээтэй, үр бүтээлтэй  хүмүүсээ улс дэмжиж ажиллах ёстой юм шиг санагддаг. Өнөөдөр мал амьтны халдварт болон паразит өвчнөөс сэргийлэх, эмчлэх, түүнчлэн оношлох бэлдмэлийн хэрэгцээг улсын болон хувийн эмийн үйлдвэрүүд хангаж байна. Гэтэл манай малын эмч нарт, малчдад төрөл бүрийн антибиотик, витамин болон эрдсийн бэлдмэлүүд маш их хэрэгцээтэй байгаа нь судалгаагаар харагдаж байгаа юм. Иймд эдгээрийг ч бид дотооддоо үйлдвэрлэж зах зээлээ бүрэн хангах боломж бий гэж үздэг. Монгол улс мал аж ахуйн орон. Тйим учраас цаашдаа малын эрүүл мэндийг хамгаалах, ашиг шимийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотооддоо цогцоор нь бий болгож хөгжүүлж ажиллах шаардлагатай даа.Хувийн үйлдвэр ч бай, улсын үйлдвэр ч бай, биднээс эмийн үйлдвэрийн технологийн шинэчлэлийг цаг тухай бүр хийж олон улсын төвшинд ойртуулах, улмаар хүргэхийг өнөөгийн дэлхий нийтийн хөгжлийн төвшин, улс орны маань эрх ашиг шаардаж байгаа юм. Энэ тал дээр ч төр, засгаас тодорхой бодлого боловсруулж дэмжиж ажиллаж эхэлж байгаад сэтгэл өег байдаг.

З.Боргил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж