Алтны ”Хаанчлал” дуусч, нүүрсэнд халаагаа өглөө

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Алтны ”Хаанчлал” дуусч, нүүрсэнд халаагаа өглөө

Зарим бүтээгдэ­хүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль 2006 оноос хэрэгжиж эхэлснээр Мон­гол­банкинд тушаах алтны  хэмжээ буурсан. Харин энэ оноос эхлэн уг хууль хэрэгжих хугацаа дуус­гавар болсноор Монголбанкинд тушаах алтны хэмжээ огцом өснө хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байсан юм. Тухайн үед УИХ-ын гишүүн Н.Батбаяр зөвхөн зэсээс л гэнэтийн ашгийн албан татвар авах хуулийн төсөл өргөн барьж байсан ч энэ татварыг алтнаас авч, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг  өсгөх хэрэгтэй гэж үзсэн байдаг. Харамсалтай нь хууль хэрэгжсэн дөрвөн жилийн хугацаанд зэс олборлогчид л шударгаар татвараа төлж байснаас бус алт олборлогчид хууль батлагчдын бодсон шиг үр ашиг  өгөөгүй. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хууль хэрэгжиж эхэлснээс хойш  улсын төсөвт 920 гаруй тэрбум төгрөг төвлөрсөн мэдээ бий. Үүнээс ердөө л 55.8 тэрбум буюу зургаахан хувь нь алтнаас авсан татвараар бүрдсэн аж. Уг нь 1991 оноос  “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр алт олборлох үйл явц эрчимтэй идэвхжсэн бай­даг. Тухайлбал, 2000  он гэхэд олборлосон  нийт алтны хэмжээ 10 жилийн өмнөхөөс даруй 15 дахин нэмэгдэж, үүнээс хойш 2006 он хүртэл Монголбанкинд тушааж байсан алтны хэмжээ оргил үедээ хүрсэн байдаг. Тухайлбал, уг хууль гарахаас өмнөх онд л гэхэд алт олборлодог 133 аж ахуйн нэгж, байгууллага болон 800 гаруй иргэд 15.2 тонн алт олборлон Монголбанкинд худалдаж байсан түүхтэй. Үүнийг дагаад Монголбанкны валютын нөөц ч хурдацтай өсч байсныг тус салбарынхан дурсдаг. Гэтэл хууль хэрэгжиж эхэлснээр хууль бусаар алт хил давуулах нь нэмэгдэж, Монголбанкинд жилд тушаах алтны хэмжээ тонн гэсэн утгад арай чүү хүрч байгаа юм. Өнгөрсөн онд Монголбанкинд дөнгөж 1.7 тонн алт тушаасан тоо бий. Эдийн засагчид, холбогдох албаныхан үүнийг энэ оноос Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэглэх болсонтой холбоо­тойгоор аж ахуйн нэгж, иргэд алтаа тушаахаа азнасан. Зарим аж ахуйн нэгж, иргэд банкинд алт худалдах нэрийдлээр татвар тэглэх хугацааг хүртэл хадгалуулсан тохиолдлууд гарсантай  холбон тайлбарлаж байсан.  

ЮУН АЛТ ТУШААЖ, ТАТВАР ТӨЛӨХ. ЦААНА ЧИНЬ…

Энэ бүхнийг харгалзан үзэж УИХ-аас  Гэнэтийн ашгийн 68 хувийн албан татварыг энэ оноос эхлэн тэглэж, оронд нь Өсөн нэмэгдэх роялти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өсгөхөөр шийдвэрлэсэн.  Уг шийдвэрийг уул уурхайн салбарынхан Гэнэтийн ашгийн  68 хувийн албан татвар авах шийдвэртэй харьцуулбал “чих зөөлөн” хүлээж авсан. Харин урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, тусгай зөвшөөрөл олгох хууль хэрэгжиж эхэлснээр эхний ээлжинд 254 алтны компа­нийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн.  Энэхүү шийдвэр алт олбор­логчдын дургүйцлийг төрүүлж, тэд “Уул уурхайгаа аврах хөдөлгөөн” зэрэг хөдөлгөөн байгуулж, өөрсдийн саналыг төрд хүргэж эхэлсэн. Учир нь эдгээр тусгай зөвшөөрөл нь алтны нийт нөөцийн 40 орчим хувийг хамардаг учир алт олборлохын төлөө бус алт олборлох эрхтэйгээ үлдэхийн төлөөх тэмцэлд алтны компаниуд ханцуй шамлан ороод байна. Томоохон компаниуд нь жижиг компаниудынхаа өмнөөс нөхөн сэргээлт хийхээ амлаж, харилцан ашигтайгаар ажиллах санал боловсруулж, Засгийн газарт хүргүүлээд байгаа.  Гэхдээ тэд зөвхөн  хүсэлт хүргүүлээд орхиогүй. Хэрэв тусгай зөвшөөрөлтэй газраа тэдний хэлснээр зөнд нь орхивол “нинжа” нарын хоол болж, харин ч байгаль сүйдэх болно гэдгийг ч давхар сануулсан. Үүний  хариуд УИХ-ын нэр бүхий гишүүд батлагдаад жил гаруйн хугацаа өнгөрсөн ч хэрэгжиж амжаагүй урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж, иргэний хөдөлгөөнийхөнтэй халз тулсан юм.  “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхлээд алтны олборлолтын хэмжээг өсгөсөн гавьяатай ч  алт олборлогч аж ахуйн нэгжүүд байгаль орчноо хайрлаж, нөхөн сэргээлт хийхийг умартсан гэж болно. “Дайны хажуугаар дажин” гэгчээр хаана л алттай газар байна тэнд л “нинжа” нар газрын хэвлий сэндийлж, судсыг нь ханаж байгаа нь маргашгүй үнэн. Үүнээс үзэхэд уг хуулийг хэрэгжүүлэх нь зүйтэй мэт.

Гэтэл урт нэртэй хууль хэрэгжиж эхэлбэл, алт олборлогчдоос гадна тэдэнд итгэж зээл олгосон арилжааны банкууд ч хүнд   байдалд орж болзошгүйг Монголбанкнаас хийсэн судалгаа харуулж байгаа. Тусгай зөвшөөрлөө хураалгах 254 компанийн 100 гаруй нь арилжааны банкинд тусгай зөвшөөрлөө барьцаалан зээл авсныг Засгийн газарт мэдээлсэн. Тэгэхээр алтны салбарын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Тэд  эцсийн шийд хэрхэх бол гэдгийг л хүлээх үлдлээ.  

МОНГОЛЫН ЭКСПОРТОД АЛТ МООДНООС ГАРАХ УУ

Монголын нүүрс моодонд оров. Нүүрсний салбараар дамжуулан Монгол Улсад өмнө нь хэзээ ч гарч байгаагүй эдийн засаг, дэд бүтцийн өсөлт ирэхийг бараг хүн бүр ойлгож эхэллээ. Нүүрс олборлогчид олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийж, Монголын нүүрс дэлхийд үнэ хүрэв. Жил ирэх тусам л нүүрсний олборлолт өсч, экспортод гаргах нүүрсний хэмжээ хэдэн зуун тонноор  өсч байна.  Монгол Улсын хэмжээнд 2000 онд 5067.3 мянган тонн нүүрс олборлож байсан бол 2009 онд 13232.1 мянган тонн болтлоо өсчээ. Энэ тоо цаашид жилд хэдэн зуу биш мянган тонноор өсөх төлөвтэй болсон.  Нүүрс экспортлогч томоохон орнуудад гарсан хямрал, урд хөршийн нүүрсний эрэлт, хямд атлаа чанартай нүүрс хайсан улсууд Монголын нүүрсний чанарыг гэнэт олж харсан зэрэг шалтгаанаас болж нүүрсний  үнэ аажмаар өсч эхэллээ. Нэг тонн нүүрсний үнэ 2002 онд 10 ам.доллар байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 44 ам.долларт хүрсэн байгаа юм. Нэгэн цагт Монголын алт олон улсын хөрөнгө оруулагчдын шуналыг хөдөлгөдөг байсан бол өнөөдөр нүүрс маань тэдний анхаарлын төвд орж, “шүлсийг нь гоожуулж” эхэллээ. Алт моодноос гарч, нүүрс моодонд орох нь ээ.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж