Танзан улс Хятад худалдаачдыг хөөжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Танзан улс Хятад худалдаачдыг хөөжээ

Танзан улс ойрын хугацаанд Зүүн Африкийн орнуудын экспортын төв болохыг зорьж ажиллаж байгаа бөгөөд тус улсын нийслэл Дар эс Салаам хот дахь Хятад худалдаачдыг худалдаа, наймааны зах зээлийг орхиж гарахад 30 хоногийн хугацаа өгчээ. Танзанд гадаадын иргэд хууль бусаар худалдаа наймаа эрхлэх явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Тэдгээр хууль бус наймаачид ихэвчлэн жижиглэнгийн барааны мухлаг болон бөөний дэлгүүрүүдийг нээж ажиллуулдаг байна. Харин Хятад худалдаачдын худалдааны зах зээлд эзэлсэн орон зай Танзаны иргэдийн ашиг орлого, боломж бололцоог хааж байгаа ажээ. Түүнчлэн Хятадаас импортолсон бараа, бүтээгдэхүүн ихэвчлэн чанарын шаардлага хангадаггүй тухай Танзан улсын Аж үйлдвэрийн яамны орлогч сайд Лазаро Ниаланду мэдэгдсэн байна.
“Танзан улс Хятад бизнесмэнүүдэд хөрөнгө оруулалт хийх эрх олгосон ч, худалдаа, наймаа хийхийг зөвшөөрөхгүй. Нийгэм дэх сул ажлын байрнуудыг гадаадын иргэдэд бус, өөрийн улсын иргэдэд олгох хэрэгтэй” гэж ноён Ниаланду нэмж хэлжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж