Цэц өмнөх шийдвэрээ хэвээр баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Цэц өмнөх шийдвэрээ хэвээр баталлаа

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн Цэц дунд шатны хуралдаанаар “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд хуульч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй бол түүний хуульчийн гэрчилгээг хүчингүй болгох”-оор зохицуулсан нь Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн гурав дахь хэсгийн “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын 25 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын 25 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай” маргааныг авч хэлэлцээд 08 дугаар дүгнэлт гарган Үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн.
Харин энэ асуудлыг өнгөрөгч баасан гаригт Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар авч хэлэлцлээ. Улсын дээд шүүхийн төлөөлөгчдийн үзэж буйгаар “Шүүгч сургалтад суугаагүй нь шүүгчээр ажиллах эрхийг нь хураах үндэслэл болоход арай хатуудаж байна. Аливаа үйлдэлд тохирсон хариуцлага байх ёстой. Гэтэл ийнхүү шүүгчээр ажиллах эрхгүй болгож байгаа нь яавч тохирсон хариуцлага” биш гэв.
Баталсан хуулийнхаа өмнө хариуцлага хүлээж тайлбар өгөхөөр УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Х.Тэмүүжин гишүүн хариу тайлбар гаргасан байна. Тэрээр “Хуулиудын хооронд зөрчил байгааг хүлээн зөвшөөрч байна. Харин энэ заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэдэгтэй санал нийлэхгүй. Шүүхийн тухай хуульд шүүгчийг огцруулах талаар зохицуулсан зохицуулалт байхгүй” гэв. Мөн  “Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар дээрх маргааныг шийдвэрлэх боломжтой. Энэ асуудлаар УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Хуульч байнга сургалтад сууж байх шаардлага нь нэгдүгээрт улс төрийн бодлого. Түүнчлэн олон нийтийн эрх зүйн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд хуульчид үргэлжилсэн сургалтад хамрагдаж байх шаардлагатай. Хуулиар зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сургалтад хамрагдаагүй бол эрхийг нь хүчингүй болгох тухай байгаа. Тэрнээс биш сургалтад хамрагдаад яваа нөхцөлд энэ хуулийг хэрэглэх зүйл гарахгүй” гэв. Х.Тэмүүжин гишүүн “Би 18.4-т заасан эрхээ эдлэх гээд байна. Гэтэл энэ хэргийг танилцуулахдаа хуучин татгалзчихсан үндэслэлийг дурдаад байна. Би энэ мэтгэлцэх гээд байгаа үндэслэлээсээ татгалзчихсан байхад дахин дахин яриад байна. Би дунд суудлын хуралдаанд уг хуулийг Үндсэн хууль зөрчөөгүй гэх шинэ үндэслэлүүдээ танилцуулсан. Гэтэл энэ танилцуулгад шинэ үндэслэлээс оруулсан зүйл алга гэв.
УДШ-ийн төлөөлөгч “УИХ-ын гишүүн чуулганы хуралдаанд Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг буруу танилцуулсан. Тэгээд ч УИХ-аас гаргасан 71-р тогтоолд “Цэцийн дунд шатны хуралдааны шийдвэрийг хүлээж авахгүй” л гэсэн зүйл байна. Уг нь хүлээж авахгүй байх хууль зүйн үндэслэлээ тогтоол дээрээ тусгах учиртай юм биш үү?” хэмээн УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулсан. Үүнд нь гишүүн Х.Тэмүүжин “Энэ хурал дээр УИХ-ын тогтоолын талаар хэлэлцэхгүй. Харин хуулийн зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар л хэлэлцэнэ. Мөн УИХ дээр хэлсэн үгийг минь шүүх гээд байна. Танд ийм боломж байхгүй. Хэрэв УИХ-ын үйл ажиллагаанд оролцох гэж байгаа бол УИХ-ын гишүүний мандатаа авчих” гэх хариултыг өгөв.  
Цэцийн гишүүн Ж.Амарсанаа Улсын дээд шүүхийн төлөөлөгчөөс “Та бүхэн хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгээ юу гэж үзэж байгаа юм бэ. Уг нь Улсын дээд шүүх тайлбар хийх замаар асуудлыг шийдчих боломж байгаа юм биш үү. Улсын дээд шүүхийн тайлбар бол хууль зүйн хүчин чадалтай. Маргаан үүсгэх шалтгаан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульчийн сургалтандаа хамрагдаагүй тохиолдолд л үүсэх юм биш үү” хэмээн асуудлыг шийдэх хувилбар санал болгов. УДШ-ийн төлөөлөгч “энэ талаар тайлбар гаргасан зүйл байхгүй. Гэхдээ тайлбар гаргасан эсэхтэй хамааралгүйгээр Үндсэн хуулийн зөрчил байсаар байна” гэв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Пост коммунист орнуудад хууль зүйн боловсролын шинэчлэлийн хүрээнд хатуу нөхцөл тавих зайлшгүй шаардлага бий. Хэрэв энэ зүйл заалтын хариуцлагыг оновчгүй гэж үзэж байгаа юм бол өөр тохиолдол ч дараа нь гарна. Авлигатай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийвэл Хөрөнгө орлогын мэдүүлгээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаанд нь гаргаж өгөөгүй бол нийтийн албан тушаалд ажиллах эрхийг нь түдгэлзүүлэхээр байгаа. Энэ тохиолдолд мөн л Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх хэрэг үү” хэмээв.
Ийнхүү харилцан тайлбар хийж, мэтгэлцээний зарчмаар хуралдаан өрнөсөн бөгөөд энэ удаагийн хуралдааныг Цэцийн дарга “гайхамшигтай сайхан хуралдаан боллоо” хэмээн онцолсон байна. Тэрээр мөн “өмнө нь ийм хуулийн үндэслэлтэй, санаа оноо, онол зарчим дээр суурилсан хурал цөөхөн болж байлаа. Бид энэ асуудлаар үнэн зөв, үндэслэлтэй шийдвэр гаргах болно” хэмээн мэдэгдсэн.
Гэвч хуралдаан өндөрлөсний дараа Зөвлөлдөх танхимд Цэцийн гишүүд хэлэлцээд Үндсэн хуулийн Цэцийн 2010 оны 08 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзсэн байна. Ингэснээр Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэжээ.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж