Өмнөговийн хүүхдүүд хөлдөх нь ээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Өмнөговийн хүүхдүүд хөлдөх нь ээ

Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд халаалт дулааны асуудлаас болж, сургууль, цэцэрлэг хаагдах хэмжээнд хүрч, эмнэлэг нь өвчтөнөө багтааж шингээхэд бэрх болоод байгаа гэнэ. Сумын цэцэрлэг, эмнэлэг энэ сарын 4-ний өдрийн 16:00 цагаас хойш халаалтгүй болсон байна.  Шалтгааныг тодруулахаар  газар дээр нь очиж үзлэг хийхэд эмнэлгийн халаалтын систем, цэцэрлэгийн гадна шугам хөлдсөн учир өнөөдрийн байдлаар сэргээн засварлах ажил хийгдэж байгаа аж. Эмнэлгийг сургуулийн хуучин байранд нүүлгэн шилжүүлж, цэцэрлэгийг өөрийн нь байранд галлагаатай зуух ашиглан халаалтын асуудлыг шийдвэрлээд байгаа гэнэ. Газрын хөрсөн доороо өч төчнөөн баялагтай Өмнөговийн бяцхан иргэд хөрөнгө, мөнгөгүйгээс сурах эрхээ хязгаарлуулаад байна. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Х.Батболдоос халаалт, дулааны сэргээн засварлалтын ажлын талаар тодруулаа.

-Баян-Овоо сумын хэмжээнд өвөлжилт ямархуу байгаа вэ?

-Энэ өвлийн тухайд маш сайхан дулаан өвөл болж байна. Өнгөрсөн өвөл гэртээ орох завгүй малчдаа эргэж тойрох, өвс тэжээл хүргэх зэргээр өвөл, хаврыг өнгөрөөж байсан бол энэ удаад сумын төвийн төвлөрсөн халаалт доголдсоноос болж төрийн байгууллагууд хүнд байдалд ороод байна.

-Энэ жилээс эхлэн төвлөрсөн халаалтанд холбогдсноос энэ асуудал үүсэв үү, эсвэл?

Төвлөрсөн халаалтанд холбогдоод хэдэн жилийн нүүр үзсэн. Энэ жил дулааны шугам сүлжээг шинэчлэн засварлах ажлыг эхлүүлээд байгаа нь энэ. Орон нутагт ямар байгааг нь мэдэх хүмүүсийн хувьд сумын Засаг даргын Тамгын газраас аймгийн удирдлагуудад хандаж хоёр жилийн өмнөөс хүсэлт гаргасан ч, 400 сая төгрөг төсөвлөснөөс 2010 онд 200 сая төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн.

-Яагаад танай сумын халаалт, дулааны горим алдагдсан бэ?

-Сантехникийн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэгч “Говь дулаан” компанийн ажлын хувьд ямар ч асуудалгүй. 2010 онд гадна дулааны шугаманд шинэчлэлт хийсэн. Хамгийн гол тендер шалгаруулалт оройтсноос болж, өнгөрсөн аравдугаар сард засвар, шинэчлэлтийн ажил эхэлсэн. Нэгэнт цаг хугацааны хувьд оройтсноос арванхоёрдугаар саын 27-ноос галлагаа эхэлж, халаалт дулаанаа өгтөл салбар шугамууд нь хагарч, халаалтыг зогсоосон. Учир нь тухайн салбар шугамууд нь он удаа нь жил шинэчлээгүйгээс болж зэвэрч муудсантай холбоотой. Бүх салбар шугамуудыг засварлах ажилд төрийн байгууллагуудын эрчүүд нойр хоолгүй, өдөр шөнөгүй ажиллаж байна.

-Одоогоор сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд ямаршуухан байдалд ажлаа явуулж байгаа вэ?

-Одоогоор сургуулийн байрны сантехник, засвар шинэчлэлт, салбар шугамууд ямар ч асуудалгүй болсон. Гэхдээ бүх байгууллагуудын салбар шугамуудыг засч, янзалсны дараа нэгдсэн халаалт өгөх боломжтой гэдэг утгаар нь халаалт өгөөгүй байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Засаг даргын тамгын газар өнөөдрийн байдлаар гар аргаар галлагаатай зуух ашиглаж халааж байна.

-Эмнэлэгт өвчтөн, цэцэрлэгт бяцхан хүүхэд, сургуульд хүүхдүүд даарч байна. Энэхүү байдлын талаар аймаг, орон нутгийн удирдлагуудаас одоогийн байдлын талаар арга хэмжээ, хөрөнгө санхүүгийн дэмжлэг хүссэн үү?

-Аймгаас Эрүүл мэндийн газрын дарга н.Баяржаргалаар ахлуулсан ажлын хэсэг хоёр өдөр ажиллаад буцсан. Газар дээр нь ямар байгааг ирж үзээд, цаашид авах арга хэмжээний талаар санал авч, орон нутгийн удирдлагуудад хүргүүлэхээр болсон. Ирэх долоо хоногт чиг зүг нь гарах байх. Сумын удирдлагын хувьд нэгэнт 2011 он гараад эхэлсэн болохоор үлдсэн 200 сая төгрөгийг эртхэн төсөвлөж, зургадугаар сард халаалт зогсохоос өмнө засвар шинэчлэлтийг хийж, үр дүнг нь шалгаж үзмээр л байгаа юм. Тэгэхгүй болохоор ирэх арван сар хүртэл халаалт ирэхгүй, үр дүн, дараа өвлийн бэлтгэл ямархуу байх нь тодорхойгүй зун, намрыг үдэх болно шүү дээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж