Хүүхдийн мөнгөнөөс эхлэлтэй Эх орны хишиг

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгөнөөс эхлэлтэй Эх орны хишиг

Энэ сарын 15-наас эхлэн иргэд Эх орны хишгээ хүртэхээр дахиад л уртаас урт дараалалдаа жагсана.  Хүний хөгжил сангаас олгох 21 мянган төгрөгийг иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан хүмүүс ямар нэгэн саадгүйгээр хүртэх аж. Өөрөөр хэлбэл, урьд нь 10 мянгаа авч байсан иргэд ямар ч нэмэлт материал бүрдүүлэх шаардлагагүй бололтой.

2004 оны сонгуульд Ардчилсан намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт насанд хүрээгүй хүүхэд бүрт сар бүр 10,000 төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгох зорилготой “Итгэлийн мөнгө” хөтөлбөр иргэдээс чамгүй санал зулгаасан билээ.  Улмаар УИХ-ын шийдвэрийн дагуу 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн хүүхэд бүрт сар бүр 3000 төгрөг олгохоор болсон. Тус тэтгэлэгт нийт 339.8 мянган хүүхэд хамрагдсан юм. Мөн оны зургадугаар сарын 9-нд амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхэд бүрт сар бүр 3000 төгрөг олгох асуудлыг УИХ шийдвэрлэв. Тус тэтгэлэгт нийт 610 орчим мянган хүүхэд хамрагдсан бол 2006 оноос хүүхдийг ялгаварлан гадуурхах нь буруу юм гэсэн байр суурин дээр хууль тогтоогчид санал нэгдсэн. Тиймээс 2006 оны  зургадугаар сарын 2-нд амьжиргааны төвшин харгалзахгүй, хүүхэд бүрт сар бүр 3000 төгрөг олгохоор УИХ шийдвэрлэв. Тэтгэлгийг нийтдээ 1,046.000 хүүхэд хүртсэн байна.

АН-ын санаачилсан хүүхдийн мөнгөтэй барьцуулан тухайн үеийн МАХН шинээр гэрлэгсдэд 500 мянган төгрөг, шинэ мэндэлсэн хүүхэд бүрт нэг удаад 100 мянган төгрөг олгож байх шийдвэрийг УИХ-аар баталгаажуулж чадсан юм.

Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд гэр бүлд тусламж үзүүлэх тухай хуульд иргэдийн хүсэлтээр Улсын Дээд шүүхээс тайлбар гаргаж, 2006 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш бүртгүүлсэн бүх гэр бүлийг шинээр гэрлэгчдэд тооцохоор болсон. Зөвхөн нэг баримт дурдахад 2006 онд улсын хэмжээнд 21.6 мянган шинэ гэр бүлд 10.8 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд 2006 оны батлагдсан төсвөөс 4.4 тэрбум төгрөгийг илүү зарцуулжээ.

Харин 2008 оны амлалтаа биелүүлэхийн тулд намууд нэгдэж, Эх орны хишгийг иргэн бүрт олгохоор болсон. Үүнийг баталгаажуулж, гарын үсгээ зурсан УИХ “Хувь хишиг”-ийг иргэдэд ижил тэгш олгохтой холбогдуулан 2009 онд хүүхдэд өгдөг байсан сарын гурван мянга, улирлын 25 мянган, шинээр мэндэлсэн хүүхдийн 100 мянган төгрөг, шинээр гэрлэсэн залуу хосуудад олгох 500 мянга гээд дөрвөн төрлийн халамжийг зогсоох шийдвэрийг гаргасан юм. Ийнхүү тэтгэмжүүд зүсээ хувирган нэрээ өөрчилсөөр 2010 оноос иргэн бүрт 10 мянган төгрөгийн Хувь хишиг түгээж эхлэв. Энэхүү Эх орны хишгийн үргэлжлэл болох 21 мянган төгрөгийг ямар нэгэн бичиг баримтын зөрчилгүй хүнд олгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар өмнөх жилийнхээ 120 мянгыг аваагүй цөөнгүй хүмүүс байгаа аж. Улсын иргэний бүртгэлийн ерөнхий газраас гаргасан мэдээгээр 700 гаруй хүн уг мөнгийг огт аваагүй байгаа бололтой. Дээрх иргэдийн дунд бичиг баримтгүй эмзэг бүлгийн иргэд цөөнгүй байгаа аж. Мөн 130 мянган иргэн гадаадад ажиллаж амьдарч байгаа бөгөөд тэд иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүй учраас мөн л Эх орны хишиг хүртээгүй хүмүүсийн тоонд багтаж байгаа юм.  Иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан, ямар нэгэн бичиг баримтын зөрчилгүй иргэд Хүний хөгжил сангийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ хуучин үйлчлүүлж байсан банкнаасаа сар бүр авах юм байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж