Татварын хэмжээг 50 хүртэл хувтар нэмлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Татварын хэмжээг 50 хүртэл хувтар нэмлээ

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах тухай хууль 1994 оноос хойш өнөөг хүртэл хэрэгжиж, ногдуулдаг татвар хураамж нь 18 жилийн турш өөрчлөгдөөгүй байсан. Харин өнгөрсөн оны 11 дүгээр сард уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, татварын хэмжээг нэмэхээр болов. Уг татварыг хураах ажил өчигдөр эхэллээ.

Хотын ерөнхий менежер Ч.Батаас татвар нэмэгдсэнтэй холбоо­­той зарим зүйлийг тодрууллаа.

-Татварын хэмжээ нэлээд өндөр хувиар нэмэгдсэн байна. Энэ мөнгийг юунд зарцуулах вэ?

-Энэ удаагийн албан татвар, төлбөр хураах ажлыг нийслэлийн хэмжээнд хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Нэгдүгээрт, ирэх тавдугаар сарын 31-ний дотор албан татвар, төлбөр хураах ажлыг хийнэ. Хоёрдугаарт хяналтын үзлэг, шалгалтыг зургадугаар сард зохион байгуулах юм. Энэ хугацаанд жолооч нараас авсан татварыг замын санд хуримтлуулна. Ингэснээр нийслэлд шинэ зам барих, засвар хийх, замын тэмдэглэгээ, техник хэрэгслийг сайжруулах зэрэг ажлыг хийнэ.

-Өмнөх жилийг бод­вол нэлээд нарийвч­лалтайгаар татвар хураах юм байна. Бас агаарын бохирдлын төлбөр авах нь?

-Тийм. Автомашинд ногдуулах татвар авто­машины цилиндрийн багтаамж зэргээс шалт­гаалж 50 хүртэлх хувиар нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд ачааны машинаас авах татварын хэмжээг нэлээд нарийвчилсан. Учир нь 1-2, 20-30 тоннын даацтай машинаас ийм татвар авна гээд тэр л татвараа авдаг байсан. Гэтэл авто машин нэмэгдэхийн хэрээр өндөр тоннын даацтай машин орж ирэх боллоо. Таван тоннын даацтай машин 50 тоннын даацтай ачааны машин ойролцоо татвар төлөх нь буруу шүү дээ. Түүнээс гадна Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу авто тээврийн хэрэгслийн ангилал тутамд ялгаруулах нүүрс хүчлийн хийн хэмжээгээр нь  татвар тогтоож байгаа. Үүнийг жилээр тооцож авна. Жилд 1800-9500 төгрөгийн төлбөр байх юм. Гэхдээ нэг километр зайд 120 граммаас бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг тээврийн хэрэгслээс уг татварыг авахгүй.

-Татварыг нэмэхдээ ямар үндэс­лэ­­лүүдийг авч үзэв. Иргэдээс санал авсан уу?

-Ерөөсөө уг хуулийг өөрчилж татварын хэмжээгээ шинэчлэн тогтоохоос аргагүй байсан. Иргэдээс авч байгаа татварыг буцаагаад тэдэнд л зарцуулна шүү дээ. Замын засвар, гэрэлтүүлэг гээд. Тиймээс өөрийнхөө төлөө татвар төлж байна л гэж ойлгох хэрэгтэй.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж