Иргэд нөөцийн махыг хямдруулахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Иргэд нөөцийн махыг хямдруулахыг хүсч байна

Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн мах худалдаанд гараад сарын нүүр үзэв. Одоогоор нөөцийн махыг нийт 267 худалдааны цэгт 0.5-3 килограммаар жижиглэн савлаж борлуулж байна. Савласан махны чанар, борлуулалт ямар байгаа талаар сонирхохоор нөөцийн мах худалдаалж буй хэд хэдэн газраар орлоо. “Баянзүрх” зах ердийн өдрүүдийг бодвол эл хуль байв. Тус захын нэг давхарт мах, махан бүтээгдэхүүн худалддаг.Тэнд ченжүүдийн зарж буй мах лангуун дээр хөглөрч, тэдний гарын аясаар сулбайж улаан, ягаанаараа эргэлддэг бол нөөцийн мах хэд хэдэн хөлдөөгчид он сар, үйлдвэрлэсэн газрын хаягтайгаа үзэгдэнэ. Нөөцийн мах борлуулж буй худалдагч нь “Цагаан сар дөнгөж дуусч байгаа болохоор борлуулалт сайнгүй байна. Гэхдээ сайжрах хандлагатай байгаа” хэмээх боловч цаг орчим лангууных нь дэргэдүүр эргэлдэхэд нэг ч хүн үйлчлүүлсэнгүй. Харин зэргэлдээх лангуун дээр зарж буй хонины махыг хүмүүс тасралтгүй ирж авах аж. Мах худалдан аваад гарч буй хүмүүсээс нөөцийн мах нь арай боловсон юм биш үү хэмээн асуухад тэд “Шууд хөрөөдсөн мах байдаг болохоор яс ихтэй. Дээр нь үнийн хувьд килограмм тутамд 1000 төгрөгийн зөрүү бол тийм их мөнгө биш” гэцгээнэ. Хэрэглэгчдийн ярьж буйгаар нөөцийн мах нь ченжүүдийн зардаг махнаас наанадаж 2000 төгрөгөөр хямд байх хэрэгтэй бололтой. Үүний дараа Сүхбаатар дүүрэгт байрладаг “Миний дэлгүүр”-ийн нэгэн салбараар ороход хонь, үхрийн мах зарж байлаа. Уг махыг “Махмаркет” компаниас нийлүүлсэн бөгөөд 3000-3800 төгрөгийн үнэтэй байв. Энд мөн л 30 орчим минутын хугацаанд  гуравхан хүн л нөөцийн мах сураглан ирсэн юм. Гэхдээ тэд худалдан аваагүй бөгөөд “Дандаа хавирга нь үлдчихэж…” хэмээн үглэцгээж байв. Ямар ч  байсан “Эргэлзээгүй чанартай мах” гэсэн бичигтэй нөөцийн мах иргэдийн сэтгэлд нийцсэнгүй.

Үүний дагуу нөөцийн махны үнийг хямдрах боломжтой эсэхийг лавлахаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний бодло­гын хэрэгжилтийг зохи­цуулах газрын дэд дарга О.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Нөөцийн махны үнэ цаашид хямдрах уу. Энэ тал дээр мах үйлдвэрлэгчидтэй зөвлөлдөж байв уу?

-Нөөцийн мах нь махны үнийн өсөлтийг бууруулах зорилготой. Тиймээс хямд үнээр нийлүүлбэл махны үнийг илүү ихээр бууруулна. Ер нь өнгөрсөн жил малын хорогдол их байсан. Тиймээс махны үнэ өмнөх жилүүдээс харьцангуй үнэтэй байлаа. Энэ жил 12 мянган тонн мах нөөцөлсөн. Энэ нь хүрэлцээний хувьд  боломжийн, бас махны үнийн бууралтад нөлөөлнө гэж үзэж байгаа. Гэхдээ төр үнийн асуудалд бүрэн хэмжээгээр зохицуулалт хийж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Мах үйлдвэрлэгчид бидэнтэй уулздаг. Яамны болон сайдын түвшинд махны салбарыг дэмжих асуудлыг байнга ярьдаг. Нөөцийн махны үнийг бууруулах талаар үйлдвэрийн аргаар боловсруулсан маханд НӨАТ авахгүй байх саналыг үйлдвэрлэгчид бидэнд тавьсан. Энэ саналыг Засгийн газрын түвшинд удахгүй авч  хэлэлцэх байх.

-Мах бэлтгэж буй компаниудад бэлтгэсэн махны  чанарыг үнэлж урамшуулал олгож байгаа. Энэ ажил хэр үр дүнтэй байна?

-Чанар гэхээсээ илүү тухайн компани махаа аваад, хадгалах, тээвэрлэх гээд маш их зардал гаргаж байгаа. Тэр зардалтай  уялдах ёстой. Тиймээс төр ачааллаа үүрүүлж байгаа юм чинь махны үйлдвэрүүдээ дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл гар аргаар гэхээсээ илүү үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах нь эрүүл ахуйн шаардлагад илүү  нийцдэг байх учиртай. Тиймээс иргэдийн махны хэрэгцээг хангахаасаа илүү махны үйлдвэрүүдээ дэмжиж байна.  Ингэснээр тэд тоног төхөөрөмжөө сайжруулна, үнээ бууруулна.

Махны үнэ Үндэсний статисти­кийн хорооны энэ сарын 9-ний дүгнэлтээр хонины махны үнэ өмнөх  сарын дунджаас 0.9-1.4 хувь, үхрийн махны үнэ 0.5-1.6 хувь, адууны махны үнэ 3.5 хувь, ямааны махны үнэ 5.5 хувиар тус тус өссөн байна. Нэгдүгээр сарын мэдээлэлд ч мөн ийм үзүүлэлт ажиглагдаж байсан. Одоогоор нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4240 төгрөг, үхрийн мах/ястай/  4825 төгрөг, ямааны мах 3340 төгрөг, адууны мах 3580 төгрөг, хонины цул мах – 4514 төгрөг, үхрийн цул мах  5463 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин нөөцийн мах өнөөдрийн байдлаар  хонины мах 3000, үхрийн мах 3500, ямааны мах 2400 төгрөгийн ханштай байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж