Лэнс Армстронг спортын замналаа өндөрлүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Лэнс Армстронг спортын замналаа өндөрлүүлэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дугуйн спортын хамгийн нэр хүндтэй уралдаан Тур де Франсын долоон удаагийн аварга Лэнс Армстронг их спортоо орхиж буйгаа мэдэгдлээ. Өдгөө 39 настай тэрбээр өмнө нь 2005 онд дугуйн спортыг орхиж байсан ч 2009 оны Турт эргэн ирж, гуравдугаар байрт шалгарч байсан юм. “Би харамссан гэж хэлэх эрхгүй. Үнэхээр гайхалтай уралдаан болсон” хэмээн Армтсронг тэр цаг үеийг дурсан ярьжээ. Түүний багийн хамтрагч асан Флойд Лэндис түүнийг хориотой эмийн бодис хэрэглэж байсан хэмээн мэдүүлснээр Армстронг хууль, шүүхийн асуудалд ороогдоод байгаа билээ. Гол нь түүнийг Засгийн газрын мөнгөөр сэргээш авч, хэрэглэж байсан эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа юм. Лэндисийн тухайд сэргээшийн улмаас 2006 оны Тур де Франсын аваргын цомоо хураалгаад байгаа. Харин Армстронг хэзээ ч сэргээшийн шинжилгээнд бүдэрч байгаагүй бөгөөд өөрөө ч үүнийг няцаасаар байгаа юм. Техасаас гаралтай дугуйч энэ асуудлын талаар “Мөрдөн байцаалтын талаар би мэдэхгүй. Тиймээс ч би энэ талаар мэдэх хүмүүсийг надад туслуулахаар хөлсөлж авсан. Надад, миний амьдралд саад болохооргүй байгаасай гэж хүсч байна. Би өөрийн мэдэж буй зүйлээ л мэдэж байгаа. Юу хийж байгаагаа, юу хийснээ би маш сайн мэдэж байна. Хэзээ ч өөрчлөгдөшгүй бодит үнэн бол энэ” гэсэн байна.

    Армстронгийн спортын замналын хамгийн сүүлийн уралдаан нь өнгөрсөн сард Австралид болсон Тур Даун Хилл уралдаан байсан. Тус уралдаанд тэрбээр тэргүүлэгчээс зургаан минут, 42 секундын алдагдалтай барианд орсноор 67 дугаар байрт шалгарсан юм. Дугуйн спортын шилдэг төлөөлөгч тэрбээр 1996 онд төмсөгний хорт хавдартай хэмээн оношлогдож, хавдар нь уушги, тархинд нь үсэрхийлсэн учир эмч мэргэжилтнүүд түүний эдгэрэх магадлал ердөө 50-50 хувьтай хэмээн дүгнэсэн юм. Гэсэн ч тэрбээр химийн эмчилгээний ачаар бүрэн эдгэж, 1998 оны эхээр дугуйн спортдоо эргэн ирж, 1999-2005 оны хооронд Тур де Франсад түрүү авч чадсан билээ. Армстронг Livestrong нэртэй хавдрын эсрэг буяны байгууллага байгуулж, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй тус байгууллагын шар бугуйвчийг өдгөө дэлхийн хэмжээнд олон сая хүн зүүдэг ажээ.

    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж