Нууранд живсэн хоёр машиныг татаж гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Нууранд живсэн хоёр машиныг татаж гаргалаа

Шатахуун тээвэрлэж явсан хоёр автомашин Хөвсгөл нууранд живсэн  талаар өмнө нь бид мэдээлж байсан. Урал маркийн ХӨА 92-01 улсын дугаартай машинд 6740 литр шатахуун, ХӨА 75-79 улсын дугаарын 6510 литр А-80  шатахуунтай тээвэрлэж явсан хоёр автомашиныг нэгийг энэ сарын 12-нд, хоёр дахь машиныг өчигдөр орой 19:00 цагийн үед татаж гаргалаа. Хөвсгөл нууранд живсэн хоёр автомашиныг гаргаж авах ажиллагаанд НИК компани болон аврах албаны албан хаагчид, орон нутгийн иргэд нийтдээ  60 гаруй хүн найм хоногийн турш ажилласан байна.  50 метрийн гүнд шумбалт хийж, мөсөн доогуур аврах ажиллагааг Монголд анх удаагаа амжилттай хийж чадлаа гэдгийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн удирдлагууд онцолж байна. Өчигдөр аврах ажиллагааны явцтай аймгийн Засаг даргын орлогч Очирхуяг танилцжээ. Энэ талаар тус аймаг дахь Улсын тусгай хамгаалалтай газруудын хамгаалалтын захиргааны хэлтсийн дарга Л.Даваабаяраас тодрууллаа.

-Хоёр дахь машиныг гаргасан уу?

-Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдрийн 16:30 цагийн орчимд мөсөн доогуур татаж, эргээсээ 45 метрийн зайтай 6 метрийн гүнд татан авчирч, мөс цоолон бэхэлгээ хийн аргамжин, шатахууныг соруулан, 19:00 цагт уснаас машиныг татан гаргаж авлаа. Шатахууныг соруулсан нөхцөлд машиныг татаж гаргах ажил маш хурдан хугацаанд хийгдэнэ. Шатахуун нуурын усанд асгараагүй. Хэрэв нуурын гүнд байгаа автомашины шатахуун  алдагдсан бол  усны мандал дээр хөвөөд гараад ирэх ёстой. Өнөөдөр татаж гаргах ажиллагааны үед үүссэн хог хаягдал, талбайг цэвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа.

-Шатахуун алдагдвал ямар хор хөнөөл учирч болох вэ?

-Асар их хор хохирол учирна шүү дээ. Хөвсгөл далай  маань эмзэг экосистемтэй. Мөн  Монгол Улсын гадаргын цэвэр усны 68.5 хувийг агуулж байдаг. Нэн цэнгэг нуур. Байгаль далайн цутгалын 70 орчим хувийг эзэлдэг.Тэгэхээр шатахуун  асгарч нуур бохирдлуулбал нөхөж барахгүй хор хөнөөл учирна гэсэн үг л дээ. НИК компанийн хувьд хууль зөрчсөн учраас хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ огт асгараагүй гэж хэлж болохгүй л дээ. Машины эд ангийн тос, масло тодорхой хэмжээгээр нуурыг бохирдуулсан нь мэдээж. Манайхаас анх осол болсны маргаашнаас эхэлж, ослын газарт хоёр улсын байцаагч, нэг байгалть хамгаалагчын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, дүрсжүүлэн баримтжуулсан байгаа. Аймгийн мэргэжлийн хяналтын газар, Хөвсгөл аймаг дахь Улсын тусгай хамгаалалтай газруудын хамгаалалтын захиргааны хэлтсээс хохирлын хэмжээг тогтоох ажлууд цаашид үргэлжилнэ. Машин осолдсон нь  хориотой замаар шатахуун тээвэрлэж явахдаа горим зөрчин 10 гаруй км газарт төөрснөөс болсон юм билээ.

Зургийн цомогийг ЭНД дарж үзнэ үү

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж