Назарбаев бүрэн эрхээ сунгахаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Назарбаев бүрэн эрхээ сунгахаас татгалзав

Нурсултан Назарбаев. Фото: AFP

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 2020 он хүртэл сунгах бүх нийтийн санал асуулга явуулах тухай парламентын саналыг дэмжсэнгүй. Ерөнхийлөгчийн энэ тухай зарлиг 7-ны өдөр гарсан ба тэр нь гарын үсэг зурагдснаасаа хүчин төгөлдөр болжээ.

Гэсэн ч бүх нийтийн санал асуулгыг дэмжих гарын үсэг цуглуулалт төлөвлөсний дагуу нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжилж байна. Энэ сарын 6-нд Казахстаны парламентын дээд танхим Үндсэн хуулийнд 2020 он хүртэл ерөнхийлөгчийн сонгууль явуулахгүй гэсэн засвар оруулах талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн байв. Өмнө нь тэр төслийг доод танхим нь баталсан билээ.

Нэгдүгээр сарын 5 гэхэд энэ санааг дэмжигч 2,5 сая хүний гарын үсгийг цуглуулсан байлаа. Санаачлаг гаргагчид нь ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил Назарбаевыг үүргээ гүйцэтгэхэд нь тайван байлгахгүй гэж үзжээ.

Хүчин төгөлдөр хуулиар Казахстаны ерөнхийлөгчийн сонгууль 2012 онд болох ба түүнд Назарбаев оролцоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж