
Үүнийг зарим нэг хүний тодорхой яриагаар баталж болох ч бодит үнэнийг дэлгэх нь зохимжгүй байж мэднэ. Гагцхүү лидерүүдийн хооронд өрнөж буй дээрх улс төрийн гарцыг үндэслэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, орон нутаг руу чиглэсэн хувь улс төрийн оролцоогоо яаравчлан нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргаж байгаа аж. Үүнд нь “Монгол хүн 2020” хөтөлбөр нь ихээхэн тус хүргэх учиртай. Улстөрчдийн хувьд яах аргагүй энэ арга нь бодох ёстой, өргөжүүлэх хэрэгтэй алхам мөн үү гэвэл яахын аргагүй мөн. Ардын намын айхавтар том улстөрчдийг ч сонгуулийн дүнгээр “намнаж” унагах гаргалгаа нь ч зөв.
Иймээс болдогсон бол өөрсдөө гуйж, гүйгээд ч болов Н.Энхбаярт Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн нэрийг бэлэглэж, шинэ карьерт нь дэм үзүүлэх хүсэлтэйгээ тэд өөр зуураа нуухгүй байна. Үүнд нь хамтарсан Засгийн газарт хаалга, үүдээ нээж өгсөн Ардын намын түншүүд нь эмзэглэж болох ч тэд “Улс төр бол улс төр шүү дээ” гэсэн дүгнэлтийг яахин эсэргүүцэх билээ. Тэгээд ч ирэх сонгуульд Ардчилсан нам Ардын намтай нэгдэж орохгүйгээс хойш өөрсдийн боломжийг хайх нь тодорхой шүү дээ.
Энэ учир шалтгааны улмаас Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэрхэн хийх вэ гэдгээ хойшлуулсан гэнэ.
Тэдний хувьд Ардын нам дотроосоо салсан “эд, эс”-үүдтэйгээ зөрчилдөөд байвал шууд холимог тогтолцоог гол болгож, “Эв нэгдэлтэй Ардчилсан нам” гэсэн ишлэлээр 2012 оны сонгуульд ханцуй шамлан оролцох сонирхолтой байгаа. Дээр нь шинэ залуу улстөрчдийг хашиж, хаах бодлогоо ч давхар хэрэгжүүлнэ. Ядаж байхад залуус нь идэвхгүй. Идэвхтэй хэсэг нь О.Магнай, Ц.Хасбаатар нараар хэмжигддэг. Иймд хуруу дарам хэдхэн залуусын дунд хувьсгалын шинжтэй реформ хийж сууснаас боломжийн танил нөхдийг ардчиллын 20 жилийн түүхтэй хамт 2012 онд сойход олонхийн саналыг түүж чадна гэсэн итгэл найдвар тус намын удирдлагуудад аль хэдийнэ “үр жимс”-ээ өгч эхэлсэн гэхэд болно.
Тэдний эсрэг талд Ардын намын боломж бололцоо асуудал дагуулсаар байгаа нь нууц биш. Тэдний хувьд боломжийг өөрсдийн талд эргүүлэх хүчтэй гэдэгтээ, болохгүй бол хөөрүү хэдэн залуусаа Сүхбаатарын талбай руу илгээх чадвартай гэдэгтээ найдаж буй ч асуудал эргэлзээтэй. Мэдээж “Гүрвэл гурав тасарсан ч могойн дайтай” гэх яриа байдаг ч Ардын намын гишүүнчлэлтэй 140 гаруй мянган гишүүн бүгдээрээ Монгол Улсыг төлөөлөхгүй нь ойлгомжтой. Дээр нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг одоо хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгч хэвээрээ байгаа гэсэн хуучирсан мэдээллээр төрийг төсөөлж суугаа хөдөө нутгийн малчин нэлээдгүй их бий. Тэднийг сонгуульд идэвхтэй оролцуулах тактикийг Н.Энхбаярын талынхан барина.
Тэгэхээр орон нутгийн сонгогчид Монгол Ардын Хувьсгалт Нам биш юм гэхэд МАХН гэсэн товчлолын өмнө Н.Энхбаяр гэсэн нэр байвал саналаа өгөхөөс буцахгүй гэдгийг Ардчилсан намынхан ярилцаж байна. Үүн дээрээ тулгуурлаж, ардчилалд хайртай, өөрийн хүмүүсийн саналыг орон нутагт үлдээж, Улаанбаатар хотын сонгогчдыг хэрхэн эргүүлэх тухай бодож эхэлсэн. Тухайлбал 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар улаанбаатарчууд Ц.Элбэгдоржид ялалт бэлэглэсэн. Иймд мэдээлэлд хамгийн их ойр байж, шинэчлэл бүрийг нь ягштал анзаардаг улаанбаатарчуудыг Ардчилсан намын нэр дэвшигчдэд эргүүлэхэд асуудалгүй хэмээн үзсэн гэхэд болно. Нэг ёсны улаанбаатарчууд өдгөө Ардын намыг хуучин МАХН гэж харвал бүр ч сайн гэнэ билээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ын нэр дэвшигчийг унагаж чадсан нийслэлчүүд Ардын намыг ч нөгөө л өнгөөр нь харна гэдэгт итгэж байгаа нь дээрх үндэслэлээр тайлбарлагдана.
Харин Н.Энхбаярын намд бол санал өгөх, итгэл үзүүлэх нийслэлийн иргэн тун цөөхөн гэдэг гаргалгааг тэд хийж. Энэ бол нийслэлчүүдэд мэдээлэл ойрхон байгаа дээр түшиглэж хийсэн ардчиллынхны дүгнэлт. Өдгөө тэр бүх сонгуулийн тактикаа бодит ажил хэрэг болгож амжаагүй ч ерөнхий утгаар нь ярилцаж суугаа яриа нь энэ. Иймээс ч дор бүрнээ “Ардын нам болон МАХН-ын зөрчил дундах Ардчилсан намын ялалт ойрхон байна” хэмээн хөөрцөглөж суугаа нь нууц биш нууц юм. Товчхондоо “Ялалт манай намын өвөрт орчихлоо” гэдэг дүгнэлт тэдний хувьд энэ цаг үеийнх нь итгэл үнэмшил болчихсон гэхэд нэг их буруудахгүй бололтой юм билээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин