-Танай намын Ёс зүйн хороо хуралдаад “Намын дарга Д.Энхбатыг намаас хөөлөө” гэж мэдэгдсэн. Харин энэ шийдвэрийг тэрбээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо та нар яах вэ?
-Тэр хүн хүлээн зөвшөөрөх эсэх нь хамаагүй. Ёс зүйн хороо намынхаа дүрмийн дагуу шийдвэр гаргасан. Намын дүрэмд “Дүрэм, ёс зүйн хорооны шийдвэр нь эцсийн бөгөөд ямар ч шатанд хүчин төгөлдөр байна” гэсэн заалт бий. Харин чухам ямар чиглэлээр шийдвэр гаргах тухай тодорхой заалт байдаггүй юм. Би хуульч биш. Гэхдээ дээрх шийдвэр хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэдгийг манай намын гишүүн, өмгөөлөгч Ц.Монгол хэлсэн. Ц.Монгол бол Д.Энхбатыг дэмждэг хүн. Харин одоо биднийг дэмжээд явж байна. Хууль, дүрэм сайн мэддэг хүн ийм шийдэл гаргаж байна гэдэг чинь хэн нь зөв, буруу зүйл хийгээд байгааг нэг талаар нотолж байгаа хэрэг. Тэгээд ч манай намын дүрэмд “Намын гишүүн намын бодлого, зорилгын эсрэг үйл ажиллагаа явуулбал хоёр дахь удаагаа сануулаад гурав дахь удаад шууд намын гишүүнчлэлээс хасна” гэсэн заалт байгаа.
-Гэхдээ Д.Энхбат дарга “Гишүүнчлэлээс хасах эрх бүхий субьект нь Ёс зүйн хороо биш” гээд байгаа шүү дээ?
-Гишүүнийг хасах эрх хэнд байх вэ гэдгийг намын дүрэмд тодорхой зааж өгөөгүй. Их хурал, Бага хурлын хариуцах асуудал нь тодорхой. Тиймээс Дүрэм, ёс зүйн хороонд энэ эрх хадгалагдах нь ойлгомжтой болж байгаа юм. Аливаа гомдол гаргасны дагуу асуудлыг авч хэлэлцэнэ.
Уг гомдлыг бичгээр, эсвэл амаар ч гаргасан байж болно. Асуудал энэ зарчмын дагуу л явж байна.
-Ер нь энэ хоёр нам нэгдлээ гэхэд гишүүд яаж хохирох гээд байгаа юм бэ?
-Намаа нэгтгэх гээд байгаа хүмүүс шударга ёсны зарчмаар явж, үнэн юм ярьж байгаа бол эсэргүүцээд байх шаардлага байхгүй. Хамгийн гол нь худлаа яриад байгаа байхгүй юу. Мөн хоёр нам нэгдсэний дараа Ногоон нам ор тас устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа юм. Өнөөдөр Д.Энхбат “Ногоон нам 12 мянган гишүүнтэй” гэж худлаа ярьж байна. Яг үнэндээ манай нам 552 гишүүнтэй. Энэ бол албан ёсны бүртгэл. Энэ бүртгэл дунд хуучин гишүүд гэсэн тодотголтой 202 хүн байдаг юм. Гэхдээ энэ нь тэр 552 гэсэн тоондоо багтаж байгаа. Бодит байдал ийм байхад улайм цайм худлаа яриад байж болохгүй биз дээ.
-Иргэний холбоог үүсгэн байгуулалцаж байсан Д.Энхбат яаж яваад Ногоон намын дарга болчихсон юм бэ?
-Уг нь түүнийг би л олж ирсэн юм шүү дээ. Д.Энхбатаас гадна Г.Арслан, А.Саруул гээд дандаа баруунд боловсрол эзэмшсэн хүмүүсийг би намдаа оруулж ирсэн. Ногоон намын гол үзэл баримтлал шударга ёсонд тулгуурладаг учраас ийм үзэлтэй хүмүүсийг би намдаа татсан юм. МоАХ-ны Дарь.Сүхбаатарыг ч бас ятгасаар байгаад оруулж ирсэн. Тухайн үед Д.Энхбат “Надад нам хэрэггүй. Би Иргэний холбоогоороо явна” гэж гүрийдэг байсан юм. Тэгснээ гэнэт Иргэний нам байгуулах юм болоод баахан зүтгэсэн ч бүтээгүй. Д.Энхбат намд орох хүсэлтэй болсныг нь далимдуулаад намынхаа хүмүүстэй уулзуулсан чинь “Та нар болоогүй байна” гэж хэлээд гараад явчихсан санагдаж байна. Тэгээд бид Дарь.Сүхбаатарыг намын дарга болгох талаар ярьж байсан. Удалгүй би Герман явчихсан юм. Гэтэл араас манай хэд утасдаад “Д.Энхбат манай намд орохоор боллоо. Зөвшөөрлөө” гэдэг юм байна. Ногоон намыг байгуулсан хууччуулд ч түүнийг дэмжсэн. Ингээд нэг л өдрийн дотор энэ хүн намын дарга болсон. Иргэний холбооноосоо 100 хүн оруулж ирээд, 100 мандат аваад л сонгогдсон хүн. Тэр үед би байгаагүй. Би явахаасаа өмнө намынхаа нөхдөд “Д.Энхбатыг битгий сонгоорой” гэж хэлчихээд явсан юм.
-Яагаад өөрийнхөө олж ирсэн хүнийг дэмжээгүй гэж?
-Яагаад гэвэл сонгуульд ямар байдлаар оролцох вэ гэдэг дээр асуудал гарсан. Ж.Батзандан, О.Магнай нарын Иргэний хөдөлгөөний намтай нэгдэж, Иргэний эвсэл байгуулахаар болсон шүү дээ. Тэдний нам хэтэрхий залуу, туршлагагүй. Аливаа нам, хөдөлгөөн нэгдмэл үзэл баримтлал, байр суурьтай байж эвсэх тухай ярих ёстой. Гэтэл тэд манай намын баримталдаг гол зарчим болох байгаль экологийн асуудлыг мөрийн хөтөлбөртөө хангалттай хэмжээнд дэвшүүлээгүй. Байр суурийн иймэрхүү зөрүү байсан учраас Иргэний эвслийг эхнээсээ би хүлээн зөвшөөрөөгүй юм. Гэвч би цөөнх болсон учраас сонгуульд нэр дэвших боломжгүй болсон. “Дэвшмээр байгаа бол бие даа” гэсэн болзлыг надад тавьсан. Гэхдээ бие дааж нэр дэвшвэл намаас хөөнө гэсэн. Ийм учраас би бие дааж нэр дэвшээгүй. Харин бие даагчдын сонгуулийн менежмент дээр ажилласан юм. Харин Г.Арслан бие дааж нэр дэвшээд намаас хөөгдсөн дөө.
-Д.Энхбатыг намдаа оруулж ирсний хувьд та хоёрт албан тушаалын яриа хөөрөө байсан уу?
-Бид хоёрт нэг тохироо байсан нь үнэн. Гэхдээ албан тушаалын биш, намын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой тохироо. УИХ-ын сонгуулийн дараа Ногоон намын Улаанбаатар хотын салбар зөвлөлийг хуралдуулъя. Тэгээд хоёр даргатай болгоё гэж ярьсан. Яагаад гэвэл манай намын удирдах бүтэц өөрөө хоёр даргатай байдаг юм. Тухайн үед сонгуулийн дүн эцэслэн шийдэгдээгүй байсан болохоор Д.Энхбат энэ асуудлыг хойш тавиад байсан. Хоёулаа бүх юм цэгцэрсний дараа асуудлаа шийдье гэж тохирсон. Яваандаа сонгогдсон гишүүд ч баталгаажиж, тэр УИХ-даа суулаа. Тойргийнхоо тэрбум төгрөгийг ч авлаа. Сонгогчдын мөнгө гээд 143 сая төгрөгөө ч авсан. Гэтэл хоёр жил юу хийсэн нь мэдэгдэхгүй таг болчихсон. Тайлангаа ч тавьсангүй. Сүүлд нь “Улаанбаатар хотын салбар зөвлөл аль хэдийнэ хуралдаад шинэчлэгдчихсэн. Даргыг нь ч сонгочихсон” гэж хэлдэг юм байна.
-Тийм учраас л та Д.Энхбатын эсрэг ажил зохион байгуулаад байгаа юм уу?
-Асуудлын гол нь Д.Энхбат худлаа ярьсанд байгаа юм. Худлаа ярьдаг хүн ямар ч албан тушаал хашиж болохгүй. Маш хортой. Энэ явдлаас болоод бид намын хууччуудаасаа хүртэл зайгаа барьдаг болчихсон шүү дээ. Намыг өмнө нь удирдаж байсан Л.Ням, Д.Басандорж нар тушаал дэвшсэн, одон медалиар шагнуулсан. Надад хүртэл Алтан гадас өгөөд л. Эндээс юу харагдаж байна гэхээр намынхаа гишүүдийг номхотгох бодлого л явуулаад байгаа юм.
-Тэгвэл асуудлын гол нь хоёр нам нэгдэх үйл явц биш байх нь ээ?
-Хоёр нам нэгдэх тухай асуудал өнгөрсөн зунаас яригдаж эхэлсэн. Үүнийг би Иргэний зориг намын дарга С.Оюун ахынхаа аллагын хэргийг илрүүлэх зорилгоо биелүүлж чадахгүй болохоор огт өөр зорилго дэвшүүлж, намаа өөрчлөх гэж байгаа юм байна гэж ойлгож байлаа. Гэтэл “Иргэний зориг нам том учраас хуралдахад хэцүү байна. Харин Ногоон нам жижиг учраас хуралдаад нэгдэх ажлыг зохион байгуулъя” гэсэн санаа цухалзаж эхэлсэн нь огт таалагдаагүй. Ингэхдээ Ногоон намыг татан буулгаад Иргэний зориг намыг бүр том болгох тухай яриад эхэлснийг би эсэргүүцсэн юм. Намынхаа нөхөдтэй ч байр суурь зөрөлдөх болсон.
-Хоёр нам нэгдэх тухай таван удаа хэлэлцэхэд та дэмжиж байсан юм биш үү?
-Би бол яг улс төрийн онолын хувьд бэлтгэгдээгүй хүн. Эрдэмтэн судлаачид улс төрийн гуравдагч хүчин, жижиг намууд амжилтад хүрэхийн тулд нэгдэх ёстой гэж их ярьдаг. Тэр утгаараа дэмжиж л байсан. Манай намын бодлого, чиглэл өөрчлөгдөхгүй бол дэмжих нь тодорхой шүү дээ. Басхүү намын нэр, логог үргэлжлүүлэн авч явна гэхэд нь дэмжиж байсан. Харин одоо Ногоон намыг ор тас үгүй хийх зорилготой болчихоод байгаа юм. Яг юу болоод байгааг эхэндээ би сайн ойлгоогүй. Герман яваад иртэл Ногоон намыг анх байгуулалцаж байсан Ч.Түвшинбаяр манайд ороод ирлээ. “За, манай намын “амыг барих” гээд байна. Чи л одоо тусла” гэдэг юм байна. Учрыг нь ч сайн ололгүй яваад очтол Иргэний зориг намтай нэгдэх гэрээнд гарын үсэг зураг ёслол яг эхлэх гэж байна. Тэгээд тэнд цугласан 50-60 хүн уг үйл ажиллагааг эсэргүүцсэн юм. Гэтэл Иргэний зориг намынхан биднийг хөөж туугаад сүйд болсон. Нэгдэх гэж байгаа намынхаа хүмүүст тэгж хандаж байгаа юм чинь нэгдсэн хойноо яах нь тодорхой шүү дээ.
-Гэхдээ учрыг нь сайн олоогүй байж шууд л эсэргүүцнэ гэдэг чинь улстөрч хүний хувьд хэтэрхий хөнгөдсөн алхам биш үү?
-Тухайн үед яаруу сандруу очсон ч асуудал яваандаа маш тодорхой болсон л доо. Тэнд олон хүн эсэргүүцлээ илэрхийлсэн. Оюутан ч олон байсан. Гэтэл “Оюутнуудад мөнгө өгч ийм ажил хийлээ” гэж яриад байгаа юм. Харин зохион байгуулалттай ажлыг Д.Энхбат зохион байгуулсан нь тодорхой болсон. Хоёр нам нэгдэхийг эсэргүүцээд байсан болохоор Д.Басандоржийг ажлаас нь халах сануулга өгсөн. Жирийн нэг багш үзэл бодлоо илэрхийлсний төлөө Боловсролын сайд, ШУТИС-ийн захирлаар дамжуулж ажлаас нь халах сануулга өгнө гэдэг бол аймшигтай. Социалист нийгмийн үнэр ханхалж байгаа биз. Д.Энхбатын аав Дангаасүрэн гэдэг хүн тухайн үед хэлмэгдэж явсан гэдэг. Гэтэл хүүхэд нь өнөөдрийн ардчилсан нийгэмд тийм авир гаргаж байна гээд бодохоор эвгүй байгаа биз.
-Д.Энхбат дарга та нартай уулзъя, асуудлыг нэг тийш болгоё гэсэн үү?
-Харин ч эсрэгээрээ. Намын гишүүдээ үзэл бодол, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж байна. Жишээ нь, саяхан МҮХАҮТ-ийн дарга С.Дэмбэрэлтэй Twitter-ээр харилцахдаа “Хоёр нөхөр хуралдаад намайг намаас хөөсөн гэнэ. Хэвлэлийн хурал их хийлгэж байна. Огт мөнгөгүй ядуу хоёр хүн. Би мэднэ” гэж бичсэн байгаа юм. Ногоон нам бол зүүний баримжаатай нам. Зүүний гэдэг чинь социал демократ үзэл шүү дээ. Ийм үзэлтэй нам хүнийг ялгаварлан гадуурхахыг маш хүчтэй эсэргүүцдэг. Тэгэхээр Д.Энхбат зүүний бус, хөрөнгөтний үзэлтэй хүн болж таарч байна. Нэгэнт үзэл баримтлал нийцэхгүй байгаа юм чинь өөрийнхөө үзэлд нийцэх намд л орох хэрэгтэй шүү дээ. Гэтэл заавал манай Ногоон намыг үгүй хийх гэж зүтгээд байгаа нь цаанаа их учиртай.
-Ямар учиртай гэж?
-Ногоон намыг үгүй хийх нь зөвхөн Д.Энхбатын сонирхол биш. Өнөөдөр Монголын улс төрийн нөхцөл байдал маш эгзэгтэй болж байна. Эрх баригчдын цадиггүй үйлдэлд ирээдүйд саад учруулах магадлалтай, үзэл бодолдоо үнэнч жижиг нам, хөдөлгөөнүүдийг аль эртнээс намнаад эхэлсэн. Сонирхолтой үйл явц ч их өрнөж байна. Жишээ нь, манай намын улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга байсан С.Молор-Эрдэнэ гэдэг залуу Н.Энхбаяртай нийлээд МАХН-ыг байгуулах гээд яваад өглөө. МАХН-аас над руу хүртэл яриад “Тав дахь өдөр нэг арга хэмжээ болох гэж байна. Та ирж илтгэл тавих боломж байна уу” ч гэж байх шиг. Цаанаа ямар учиртай юм бүү мэд. Үнэхээр МАХН-аас ярьсан юм уу, өөр хэн нэгний өдөөн хатгалга уу. Би нарийн учрыг нь мэдэхгүй. Энэ мэт сонин зүйл олон бий. Ер нь Ногоон намыг үгүй хийх бараан үүл тал талаас хүчтэй хуралдаж байгаа.
-Нам нэгдэхтэй холбоотой маргааныг зөвхөн намын удирдлагын хүрээнд үүссэн асуудал гэж ойлгож болох уу. Эсвэл жирийн гишүүн, дэмжигчид ч байр сууриа илэрхийлж, идэвхтэй оролцож байна уу?
-Анх манай нам 3000 гишүүн, 12 мянган дэмжигчтэй байсан. Харин одоо хэд болсныг дээр хэлсэн. Нам байгуулахад шаардлагатай 801 хүн ч байхгүй байгаа биз дээ. Энэ бол Д.Энхбат Ногоон намыг яаж удирдсаны хариулт. Угаасаа улсын байгууллагыг хувьчилж авахын тулд эхлээд бүрэн сүйрэлд хүргэж дампууруулдаг жишиг байдаг шүү дээ. Түүнтэй адил юм. Өнөөдрийн байдлаар 30 гаруй хүн хоёр нам нэгдэхийг эсэргүүцэж, байр сууриа идэвхтэй илэрхийлж байна.
-Ногоон нам нэгэнт ийм хүнд байдал орчихоод байгаа юм бол Иргэний зориг намтай нэгдээд томрох нь ашигтай юм биш үү?
-Аль ч намд гишүүдийн тооноос илүү үзэл баримтлал, итгэл үнэмшил чухал байдаг. Тэр дундаа байгаль хамгаалах үзэл гэдэг чинь бүр нарийн. Ямар нэгэн хөрөнгө мөнгө, гадны нөлөөнд үл автдаг, карьер хөөхийг хүсдэггүй, товчхондоо диваажингийн үзэл юм. Үүнийг идеалист үзэл гэдэг. Идеалистүүд үзэл бодлоосоо хэзээ ч урвадаггүй. Тэмцэж байгаа энэ 30 гаруй хүн цэвэр идеалистүүд.
-Та бүхний хувьд ийм байдаг байж. Харин хоёр нам нэгдэхийг дэмжиж байгаа хүмүүс яг одоо юу хийгээд байна?
-Тэд намаа татан буулгах их хурлаа хийхээс өмнө гишүүн элсүүлэх аянд мордож байгаа юм билээ. Нийслэлийн нэг дүүрэгт л гэхэд 500 гишүүн элсүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Элсүүлсэн гишүүн тус бүртээ 20 мянган төгрөг өгөх баримт тарааж байна. Мөнгө авч элссэн гишүүн нь өгсөн үүрэг даалгаврын дагуу мандатаа өргөх юм байна л даа. Хүмүүсийн ухамсар өөрчлөгдсөн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүчтэй хөгжиж байгаа энэ цаг үед ийм инээдтэй юмыг тэд нууж хаах ямар ч боломжгүй.
-Намууд нэгдэх, шинэчлэгдэх үед хуучин бууриа сахигчид амжилтад хүрээгүй тохиолдол улс төрийн намуудын түүхэнд олон бий. Та бүхэн бас энэ түүхийг давтахгүй гэх баталгаа бий юү?
-Бид нар зүгээр өөрсдийн дур зоргоор авирлаад байгаа юм биш. Мэргэжлийн хуульчид, Дээд шүүхээс ч зөвлөгөө авсан. Манай намын Дүрэм, Ёс зүйн хорооноос гаргасан шийдвэр дүрмийн хүрээнд явагдаж байна гэдгийг бүгд хэлж байгаа. Гэхдээ эцэст нь энэ асуудлыг шүүх хэлэлцэх бус нам дотроо л шийднэ шүү дээ. Тиймээс тодорхой алхмуудыг хийж байна. Ёс зүйн хороо хамгийн сүүлд өнөөдөр /өчигдөр/ намын Гадаад бодлогын дарга Э.Зоригтыг намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан байна. Ингээд үндсэндээ манай нам удирдлагагүй болж, хямрал үүслээ. Тиймээс онц их хурал хийж, асуудлаа шийдэх байх гэж бодож байна. Ийм үйл явц Монголын улс төрийн тавцанд урьд нь болж л байсан. Одоо ч болж байна. Ер нь ардчилсан нийгэмд байх л үзэгдэл.
-Танай намд яагаад Удирдах зөвлөл гэж байдаггүй юм бэ?
-Намын дүрэмд ингэж заасан учраас дүрмээ дагахаас аргагүй. Мөнгө хэмнэх нэрээр ийм өөрчлөлт оруулсан. Энэ бол манай намын том алдаа. Намын бүтцээ боловсронгуй болгохоос хөрөнгө мөнгө харамлаж болохгүй шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин