Эзнээ таньдаг кноптой болгоно

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Эзнээ таньдаг кноптой болгоно

УИХ-ын
эрхэм гишүүдийн бас нэг мэргэжил бол “төгөлдөр хуур” тоглох. Гэхдээ тэд
жинхэнэ төгөлдөр хуурчид биш л дээ. Өөрийнхөө лоббидсон талд хууль
батлуулах гэж эзгүй нэгнийхээ кнопыг дардгийг сэтгүүлчид тийн егөөдөн
нэрлэсэн хэрэг. Хэдийгээр УИХ-ын хуралдааны дэгийн тухай шинэ хуулиар
бусдын товчлуур дарахыг хориглосон ч эрхэм гишүүд энэ зуршлаасаа
татгалзах дургүй байна. Намрын чуулганы сүүлийн хуралдааны өдөр л гэхэд
эрхмүүд нэг амьсгаагаар 32 хууль баталсан. Тэр завсар “төгөлдөр
хуур”-чид гараа алдлан зэргэлдээх эзгүй кнопуудыг дараад зогсохгүй, хойш
эргэж, урагш сунаж олон товчлуур зэрэг даран ур чадвараа гайхуулсан.
Эрхэм гишүүдийн энэ чадварт хэр баргийн мэргэжлийн төгөлдөр хуурчид ч
атаархаж мэднэ.

Харин УИХ-ын удирдлагын зүгээс гишүүдийн энэ
үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авахыг Тамгын газартаа даалгажээ.
Тамгын газрын техникийн ажилтнууд эзнийхээ хурууны хээ, нүүр царайг
таньдаг төхөөрөмж олж суурилуулахаар судалгааны ажлаа эхлээд байна.
Эзнээ таньдаг кноптой болчихвол эрхэм гишүүд монголчилж янзлаад
“төгөлдөр хуур”-аа тоглох болов уу.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж