Йорданы ханхүү FIFA-гийн дэд ерөнхийлөгч боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Йорданы ханхүү FIFA-гийн дэд ерөнхийлөгч боллоо

Катарын Доха хотноо өчигдөр болсон Азийн хөлбөмбөгийн холбооны хурлаар FIFA-гийн дэд ерөнхийлөгчийг сонгожээ. Тус хурлаар хэлэлцсэн хамгийн том асуудал нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгууль байсан юм. Сонгуульд Йорданы ханхүү Али Бин Аль Хуссейн, Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Өмнөд Солонгосын иргэн Чун Мүн Жүн нар өрсөлдсөн байна. 16 жилийн туршид дэд ерөнхийлөгчийн алба хашсан Чун Мүн Жүний хувьд улиран сонгогдох магадлал хамгийн өндөртөй гэгдэж байсан ч сонгуулийн дүн түүний талд гарсангүй. Нийт 45 гишүүн санал өгснөөс Али Бин Аль Хуссейн 25 санал авсан бол Чун Мүн Жүн 20 хүний санал авснаар Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр Йорданы ханхүү сонгогджээ. Энэ хурлын үеэр мөн Азийн хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийг шинэчлэн сонгосон бөгөөд ноён Чун Мүн Жүн энэ бүрэлдэхүүнд ч багтаагүй байна. Аль Хуссейны хувьд ийнхүү ирэх дөрвөн жилийн туршид энэ албыг хаших боллоо. Үүнээс гадна ирэх зун болох FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгуулиас шалтгаалж, тэрбээр Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдох эсэх нь шийдэгдэнэ. Учир нь одоогийн ерөнхийлөгч Мохамед Бин Хаммам, Зепп Блаттертэй хамгийн ойр өрсөлдөх магадлалтай байгаа юм. Хэрвээ Хаммам FIFA-гийн ерөнхийлөгчөөр сонгогдвол Йорданы ханхүү ямар ч өрсөлдөгчгүйгээр энэ суудалд очих нь тодорхой юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж