Элсэн манханд Петерансель илүүрхэв

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Элсэн манханд Петерансель илүүрхэв

Дакар ралли 2011 уралдааны тав дахь гараа Чилийн хойд зүгийн хотууд болох Каламагаас Икике хүртэл үргэлжиллээ. Энэ гарааны өмнө Марк Кома, Карлос Сайнс нар өөрсдийн ангилалдаа тэргүүлж байлаа. Нийт 423 км зайд үргэлжилсэн тус гараа Дакар раллигийн хэр хүнд бэрх болохыг харуулсан гэж болно.

Мотоциклийн төрөлд уралдаж байсан “Ямаха” багийн Франц тамирчин Оливие Пейн эхний 218 км-т хамгийн шилдэг амжилтыг үзүүлж байсан ч осолдож, бугуйгаа хугалан эмнэлэгт хүргэгджээ. Түүний осолдсон байх үед тэргүүн байрын төлөө өрсөлдөж байгаа Марк Кома, Пауло Гонзальвес нар зогсолт хийж, тусламж үзүүлжээ. Франц мотоцикльчний хувьд бэртэл нь цаашид уралдааныг үргэлжлүүлэхэд саад хийж магадгүй байгаа ч одоогоор тодорхой хариу гараагүй байгаа юм. Харин түүнд тусламж үзүүлсэн Португалийн мотоцикльч Пауло Гонзальвес таван цаг, 12 минут, 23 секундын амжилтаар барианд орсноор Дакар раллигийн анхны түрүүгээ авсан бол Контардо Лопез хоёр минут, 18 секунд, Верхоевен хоёр минут, 13 секундээр хоцорч, эхний гурван байрт оржээ. Харин Марк Кома дөрөвт, Деспре тавт хурдалсан байна. Гэсэн ч нийлбэр дүнгээр Кома илт давуу тэргүүлсэн хэвээр явна.

Суудлын автомашины ангилалд нийлбэр дүнгээр тэргүүлэгч Сайнс, Аль-Аттияа нар жолоодлогын алдаа гаргаж, улмаар энэ алдааг нь ашиглан Франц тамирчин Стефан Петерансель ялалтыг өөрийн болгосон юм. Петерансель энэ зайд дөрвөн цаг, 33 минут, 19 секунд зарцуулснаар түрүүлсэн бол Аль-Аттияа хоёрт, Сайнс гуравт бариалжээ. Харин тэднээс ердөө хоёр минутын дараачаар Де Виллиерс орсон байна. Ингэснээр нийлбэр дүнг тэргүүлж байгаа Сайнс болон Петерансель нарын хоорондын зөрүү хоёр минут болон ойртлоо.

Харин том оврын машины ангилалд Фирдаус Кабиров энэ гараанд түрүүлж, Чехийн Алес Лопрайс, Владимир Чагин нар удаалсан байна. Харин нийлбэр дүнгээр “Камаз” багийн Кабиров 13 минут, 36 секундын амжилтаар тэргүүлж байгаа ажээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж