Цэцэрлэгийн багачуудад оньсон тоглоом бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн багачуудад оньсон тоглоом бэлэглэлээ

Цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхэд багачуудын тоглоомын нэр төрлийг олшруулах, сэтгэн бодох чадварыг хєгжүүлэх зорилгоор “ХААН банк” сангаас Монгол уламжлалт, сэтгэхүй хөгжүүлдэг оньсон тоглоом олгох төслийг эхлүүллээ. “Оньсон тоглоом-оюунлаг ирээдүй” төсөлд Улаанбаатар хотоос хамрагдаж буй зургаан цэцэрлэгт тоглоомын дээжийг гардуулах ёслол өчигдөр Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэг дээр болов. Уг арга хэмжээнд БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, ХААН банк, Оюун ухааны олон улсын музейн удирдлагууд болон зургаан цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч нар оролцлоо. “Оньсон тоглоом-оюунлаг ирээдүй” нэртэй уг төслийн хүрээнд “ХААН банк” сангаас Улаанбаатар хотын зургаан цэцэрлэг, 21 аймаг тус бүрээс нэг цэцэрлэг нийтдээ 27 цэцэрлэгт 44 төрлийн 6000 ширхэг оньсон, эвлүүлж өрөх, оюун түлхүүр болон тооны ухаанд суралцах тоглоом бэлэглэж байгаа аж. Нэг цэцэрлэгт 44 нэр төрлийн 222 ширхэг тоглоомын багц олгож байгаа бөгөөд ахлах болон бэлтгэл ангийн хүүхдүүд тоглоход тохиромжтой төрлүүдийг цэцэрлэгийн аргазүйч багш нар болон Оюун Ухааны Музейн мэргэжилтнүүд хамтран сонгож бэлтгэсэн байна. Мөн түүнчлэн багцад орсон тоглоом бүрийн эвлүүлэх, тоглох заавар бүхий тайлбар ном, CD-г дагалдуулан бэлэглэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж