Д.Ангар: Их өрийн үлдэгдлийг шилжүүлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Д.Ангар: Их өрийн үлдэгдлийг шилжүүлээгүй байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийсэн айлчлалын үеэр хэлэлцсэн гол асуудал нь их өрийг тэглэх тухай байсан билээ. Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүд хэ­лэлцэн өрийн үлдэгдлийг 98.7 хувиар тооцож  чөлөөлөх шийдвэрт нэгдсэн. Сангийн сайд С.Баярцогт тухайн үед “Их өрийн үлдэгдэл мөнгийг 2011 оны төсөвт суулгачихсан. Тун удахгүй ОХУ-ын талд шилжүүлнэ” хэмээн мэдэгдэж байсан юм. 
Тиймээс Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга Д.Ангараас их өрийн үлдэгдлийг ОХУ-д шилжүүлсэн эсэхийг тодрууллаа.
 
-Манай улсын Засгийн газраас ОХУ-д төлөх ёстой мөнгөө шил­жүүлсэн үү?

-Уг асуудал хоёр улсын Засгийн газар хоорондын олон улсын гэрээгээр хүчин төгөлдөр болох ёстой. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэлэлцээр хийж нэгдсэн шийдвэрт хүрсэн. Одоогийн байдлаар мөнгийг шилжүүлээгүй байгаа. Гэхдээ энэ онд 3.8 сая ам.долларыг төсөвлөчихсөн байгаа.

-Яг хэзээ шилжүүлэх юм бэ?

-Манай талаас уг гэрээг хүчин төгөлдөр гэдгийг баталсан. Түүнийгээ ОХУ-ын Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Харин ОХУ-аас гэрээ хүчин төгөлдөр гэдгийг хараахан батлаагүй байна. Тус улсын Төрийн Дум энэ асуудлыг хэлэлцэж, гэрээг хүчин төгөлдөр гэдгийг батлах ёстой. Улмаар тус улсаас манайд мэдэгдэл ирүүлсний дараа мөнгийг шилжүүлэх болно.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж