Д.Медведевийн үг худлаа болохыг батлав уу

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Д.Медведевийн үг худлаа болохыг батлав уу

Шинэ оныг шинэ дуу­лианаар угтсан ОХУ АНУ болон барууны орнуудаас нэлээд шүүмжлэл хүртээд байна. Оросын газрын тосны олигархиудын нэг Михайл Ходорковскийд оны дараахан Москвагийн шүүхээс 13.5 жил хоригдох ял ноогдуулжээ. М.Ходорковскийг анх 2003 онд баривчилж, 2005 онд шүүхээс мөнгө угаасан, тат­вараас зайлсхийсэн, луй­вар хийсэн гэх хэргээр есөн жил хоригдох ял оноосон байна. Харин ялын хугацаа нь дуусгавар болохоос өмнө хугацааг нь сунгаж нийт 13.5 жил хорихоор болсон. Өөрөөр хэлбэл, М.Ходорковский 2017 онд буюу Орост сонгууль болсны дараа суллагдах юм.

Шинэ Орос гэх тодор­хойлолтод бүрэн утгаараа ха­маардаг М.Ходорковскийн хувьд эх оронд нь тогтолцоо солигдох үеэс бизнесийн га­раагаа эхэлж, “Менатеп” хө­рөнгө оруулалтын бан­кийг байгуулжээ. 90-ээд оны дундуур нэлээд олон үйлд­вэ­рийн хувьцаа худалдаж авс­наар Оростоо хоёрдугаарт би­чигддэг газрын тосны гигант компани болох “ЮКОС”-ын гол хувьцаа эзэмшигч болсон байна. Түүнээс хойш “ЮКОС”, М.Ходорковский гэх хоёр нэр салахаа больжээ. Түүнийг буруутгасан шалт­гаан нь мөнгө угааж, тат­вараас зайлсхийсэн гэх хэ­рэгтэй холбоотой хэмээн дээр дурьдсан. Өмнө нь 2004 онд “Форбес” сэтгүүлээс гаргасан Оросын тэргүүн бая­чуудын жагсаалтын нэг­дүгээрт бичигдэж байсан М.Ходорковскийг магадгүй “хэтэрхий баяжсан” хэмээн эрх баригчид буруутгасан гэж үзэх шинжээч цөөнгүй байна. Нөгөө талаас сөрөг хүчин болох Коммунист болон Яблоко намын гол санхүүжүүлэгч учраас ирэх сонгууль хүртэл түүний хөрөнгийн урсгалыг зогсоох гэсэн В.Путины санаархал гэх таамаг ч гарчээ. Магадгүй ОХУ-ын Ерөнхий сайдын хувьд М.Ходорковский өөрөө “wikileaks” болох ч байсан юм бил үү. Ямартай ч энэ бүхний цаана улс төрийн дарамт, шахалт байна гэж үзсэн АНУ, Их Британи, Германы Засгийн газрын тэргүүн нар шүүмжлэлт байр сууриа нэг бус удаа илэрхийлсэн аж. Тэд хүний эрхийн асуудлыг ноцтой зөрчсөн дээрх шийдвэрээ зогсоохыг шаардаж байв.

Гэхдээ энэ чухал биш. Нобелийн шагнал хүртсэн иргэнээ баривчилсан Хятад, Засгийн газраа эсэр­гүү­цэгч­дийг цэргийн хүчээр зогсоосон Энэтхэг гэх зэрэг дектатур ноёрхсон орнуудын жишиг л Орост үйлчилж  байна гэхэд болох юм. “Нью-Йорк Таймс” сонинд мэдээлснээр М.Ходорковскийд дахин ял оноосон нь ОХУ-ын Ерөн­хийлөгч Дмитрий Мед­ве­девийн улс орноо модер­низацчилах кампанит ажил нь зүгээр л гоёмсог сүржин бөгөөд хоосон үг болохыг баталлаа гэжээ.

Харин хөрөнгө оруу­лагчдын хувьд арай өөр байр суурьтай байна. Тэд газрын тос тэргүүтэй хүнд үйлдвэрийн салбар дахь “ЮКОС”-ын ноёрхлоос болж Оросын  эдийн засаг төдийлөн сайнгүй байсан гэх аж. Үүний баталгаа мэт М.Ходорковскийг 2003 оны аравдугаар сард ба­рив­чилснаас хойш олигтой өсч өгөхгүй байсан Оросын худалдааны системийн хувь­цааны индекс гурав дахин нэмэгджээ. Гэтэл АНУ-ын Доу Жонесийн үйлд­вэрлэлийн индекс бүхэл бүтэн долоон жилийн турш ердөө 17 хувиар өсч байв. Үүнийг газрын тосны үнийн өсөлттэй холбон тайлбарлаж болох ч бизнесийн таатай орчин, компаниудын өрсөлдөх чад­варыг сайжруулсан шинэ бо­ломжтой холбон сөргүүлж байжээ.

Харин энэ удаад М.Ходор­ковскийн ялыг сунгасан явдал Оросын бизнесийн орчинг тун таагүй үзүүлэлттэй га­рахад хүргэж байна. Д.Мед­ведев өнгөрсөн сард биз­несийн салбар дахь томоохон төлөөлөгчидтэйгээ уулзах үед тус улс дахь хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцөл бүрдэхгүй байгааг он­цолжээ. Ямартай ч М.Ходор­ковскийн шүүх хурал болох үеэр түүнийг дэмжиж, сул­лахыг шаардсан иргэдийн жагсаал болсон юм.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж