Хятад эдийн засгаараа дэлхийд хоёрт орлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Хятад эдийн засгаараа дэлхийд хоёрт орлоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    БНХАУ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөрөө Японоос түрүүлж, АНУ-ын дараа дэлхийн хоёр дахь том эдийн засаг болов.

     Хятад өнөөгийн эдийн засгийн өсөлтөө хадгалж чадвал ирэх арван жилд АНУ-ыг гүйцэн дэлхийд тэргүүлэх болно. Эх сурвалж: AP Photo/ Kin Cheung
    АНУ-ын дараа дэлхийн хоёр дахь том эдийн засгаар Хятад тодрон Японыг гуравт “шахлаа”. Япон өөрийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 2010 оны дөрөвдүгээр улирлын болон бүх жилийнхээ дүнг гаргаж нийтэлсний дараа Хятадад байраа алдсан нь тодорхой болов.

    Жилийн эцсийн дүнгээр Японы ДНБ-ний үйлдвэрлэл 5,474 их наяд ам.доллар болсон бол Хятадын энэ үзүүлэлт нь 5,8 их наядад ойртсон байлаа. Японы эдийн засаг нь экспортын бууралт болон хэрэглээний эрэлт буурснаас болж хэлмэгдсэн бол Хятад нь аж үйлдвэрлэлийн өсөлтийн “хөөрөлтөд” ороод байгаа юм.
    Эдийн засгийн өсөлтийн энэ хурдаа хадгалж чадвал Хятад нь ойролцоогоор арваад жилийн дараа АНУ-ыг гүйцэж түрүүлэх гэнэ.

    Сөрөг эрэлт

    Токиогийн албан ёсны мэдээгээр 2010 оны сүүлийн гурван сард Японы ДНБ-ний үйлдвэрлэл өмнөх жилийнхээ хэмжээнээс 1,1 хувиар, харин өмнөх улирлаас 0,3 хувиар буурсан байв.

    Таван улирлын дотор анх удаагаа тус орны эдийн засаг буурсан бөгөөд дотоодын зах зээл дээр экспортын барааны эрэлт унасан нь үүний гол шалтгаан гэж шинжээчид ярьж байна. “Жилийн эхнээс  эрэлт сэргээгдэж байна, гэхдээ Японы эдийн засгийн байдал мэдэгдэхүйцээр сайжирна гэж хүлээх хэрэггүй” хэмээн тэд дүгнэв.

    “Бууралтын үндсэн шалтгаан нь эдийн засгийг дэмжих улсаас авч байгаа арга хэмжээ дуусч, гадаад зах зээлд сөрөг эрэлт гарч байгаа явдал юм” хэмээн Норинчукин институтын ерөнхий эдийн засагч Такеши Минами хэлж байна.

     “Алдагдсан 10 жил”

    Өнгөрсөн зууны ерээд оныг Японд “алдагдсан арван жил” гэж нэрлэх болжээ. Өмнөх арван жилд нь тус орны эдийн засаг эрчимтэй хөгжиж, автомобиль, цахилгаан бараанууд зэрэг нь дэлхий даяар эрэлттэй, оргил үедээ эдийн засгийн өсөлт нь жилдээ долоон хувь байлаа.
    Гэвч тэр нь хөрөнгийн болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлд дамлан хиймлээр өсгөх үзэгдэл газар авснаас 1990-ээд оны эхээр тэнд үүссэн “хөөсөнцөрүүд” нь хагарсан юм.

    Сүүлийн жилүүдэд эдийн засгийн сэргэлтийн шинж тэмдэг илэрч байгаа ч хэрэглээний эрэлт өмнөхийн адил сул байгаа бөгөөд хүн ам нь улам л хөгширч байна.

    Ер нь бол хүн амд ноогдох ДНБ-ний үзүүлэлтээр Япон өмнөх шигээ л Хятадыг ардаа хол орхисон байгаа. “Хятадын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 4,5 мянган амдоллар болж байгаа бол Японых 40 мянган ам.доллар юм” хэмээн Бээжингийн GK Dragonomics гэх консалтингийн компанийн мэргэжилтэн Том Миллер өгүүлэв. Ойрын арван жилд ДНБ-ний хэмжээгээр Хятад Америкийг гүйцэнэ гэж хүлээж болох юм хэмээн тэр онцлов.

    Гэхдээ өсөлт аажмаар удаашрах ёстой. Учир нь ийм өндөр өсөлт инфляци үүсгэхээс гадна Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөөсөнцөрүүд үүсч байна гэж мэргэжилтнүүд санууллаа.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж