Эмийн хэрэглээг хянахгүй бол болохгүй нь

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Эмийн хэрэглээг хянахгүй бол болохгүй нь

Колдаур, Миксагрипп зэрэг эмийг хэрэглэхийг хориглосон тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдав. Гэтэл эдгээр нь манайхны ханиад, томуу тусах төдийд л голчон хэрэглэдэг эм болж таарсан. Харин улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1200 гаруй эмийн сангаас захын нэгийнх нь үүдийг татвал Колдаур 1800, Миксагриппийг 350 төгрөгөөр зарж байна. Дээрх мэдээлэлд эрүүл мэндийн салбарынхан тодорхой хариулт өгсөнгүй. Иргэд ч элдэв юм бодолгүйгээр эм худалдан авдаг хэвээр. Үнэхээр манайхан аль нэг эмийн санд ороод “ханиадны ямар эм байна” гэж ирээд л бохь худалдан авч байгаа юм шиг хэнэггүйтдэг. Яг одоо ч энэ байдал эмийн сангуудын лангууны дэргэд өрнөж байна. Ер нь манай улсад эрүүл мэндийн салбарын хангалттай олон газар, хүрээлэн үйл ажиллагаа явуулдаг. Эрүүл мэндийн яам гэж нэг том хариуцагч энэ асуудлыг  хариуцхаас гадна Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар ч бий. Гэтэл өнөөг хүртэл иргэд эмийг хоол шиг хэрэглэсээр байна. Үүнд иргэдийн ч, эрүүл мэндийн салбарынхны ч алдаа бий.

Жил жилийн өвөл эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ парацетамол эмийг эмчийн зааваргүйгээр уулгаснаас болж хордлого авсан тохиолдол олон гардаг. Хэдхэн жилийн өмнө хоёр настай хүүд уг эмийг зааваргүйгээр өгч, улмаар элэг нь хайлж нас барсан хэрэг гарсан. Уг эмийг зөвхөн өндөр буюу 38-аас дээш хэмээр халуурсан тохиолдолд эмчийн заавраар уулгах ёстой аж. Хүүхдийн жин, биеийн ерөнхий байдлаас хамаарч ямар тунгаар уухыг эмч зөвлөдөг. Жишээ нь хоёр настай хүүхэд дунджаар 15 кг жинтэй байхад түүнд энэ эмийг дөрөв хуваасны нэг хэмжээгээр өгөх ёстой. Тэгээд хамгийн ойрдоо зургаан цагийн зайтай уухыг шаарддаг. Гэтэл хүүхэд нь багахан халуурч эхлэхэд л бүтэн бүтнээр нь, ойр ойрхон өгснөөс болж, хүүхдүүд эмийн хордлогод орох эрсдэл өндөр байна. Энэ өвлийн хувьд нийт өвчлөгсдийн  84.5 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, үүнээс 56.5 хувийг дөрөв хүртэлх насныхан эзэлж байна. Энэ нь мөн л өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлт. Мөн нийслэлийн есөн дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 47.1 хувийг томуу төст өвчний дуудлага эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 6.4 хувиар илүү байна. Тодорхой жишээ дурьдахад “Хүүхдийн хоёрдугаар эмнэлэг” буюу Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 90 хүн хэвтэж эмчлүүлэх багтаамжтай байхад өнөөдөр 160 гаруй хүүхэд эмчлүүлж байна. Иймд бага насны хүүхдэдээ анхаарал хандуулах, тэр тусмаа эмчийн зааваргүйгээр эм хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Дээрх асуудлын мөрөөр нийслэ­лийн Эрүүл мэндийн газрын Эмийн сан, эм хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ эмүүдийг хэрэглэхийг хориглосон талаар та ямар мэдээлэлтэй байна. Ханиад, томуугийн үед иргэдийн хамгийн их хэрэглэдэг эм байх аа?

-Энэ талаарх мэдээлэл дээрээс ирээгүй. Сэтгүүлчдээс анх удаа сонсч байна. Хориглосон эм, бэлдмэлийн асуудлын тухайд бол мэргэжлийн хяналтын байгууллагад хандах хэрэгтэй.

-Зүгээр нэг мэдээлэл биш, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хориглосон гэсэн байсан?

-Үүнтэй төстэй найрлагатай эм манайд олон бий. Тэгээд ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газар манайд байдаг шүү дээ. Тийм болохоор энэ мэдээллийг бодитой гэж үзэхгүй байна.

Мөн Эрүүл мэндийн газрын Эмийн бүртгэл, баталгаажуулалтын хэлтсийн дарга Д.Оюунтуяагаас тодруулахад “Манайд энэ талаар ямар ч мэдээлэл ирээгүй, тодорхой мэдээллийг агентлагийн даргын зөвшөөрөлтэйгээр хэлнэ” хэмээв. Ийм байдлаар тус байгууллага эмийн чанар, аюулгүй байдалд тандалт хийх эрхэм зорилгоо хэрэгжүүлдэг аж.

Ойрын өдрүүдэд цаг агаар цочир хүйтэрсний улмаас ханиад, томуугийн дэгдэлт буурахгүй байж мэдэх нь. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд нийслэлийн хэмжээнд 67 мянга гаруй хүн амбулаториор үйлчлүүлсний до­лоон мянга нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон. Энэ нь өмнөх жилийн мөн үеэс 2.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Иймд эмч мэргэжилтнүүдийн зааврын дагуу эм бэлдмэл хэрэглэж, өвчилсөн тохиолдолд тоохгүй явсаар хүндрүүлэх, ойр тойрныхондоо тараахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж